
Монгол Улсын аварга малчинд шагнал гардууллаа
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр II багийн малчин, сумын алдарт уяач Ц.Эрхэмтөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, Монгол Улсын аварга малчин хэмээн эрхэм алдрыг хүртлээ.
Тэрбээр 1994 онд гэргий О.Тунгалагтайгаа ханилснаас хойш хамтдаа хөдөлмөрлөж, эрдэнэт мал сүргээ өсгөн, үржүүлж, эдүгээ 1200 тоо толгой малтай өрх болжээ.
Аварга малчин Ц.Эрхэмтөр 2006 онд мянгат малчин, 2007 онд сумын аварга малчин, 2011 онд аймгийн аварга малчин хэмээх цолыг хүртсэн байна. Эднийх таван хошуу малаас үхэр, хонь түлхүү малладаг бөгөөд эцэг малынхаа үүлдэр угсаа сайжруулахад анхаарч, мах, сүүний чиглэлийн улаан халзан үхэр үржүүлж байна.
Аварга малчин Ц.Энхтөрийнх малын ашиг шимээсээ жилдээ 50 гаруй сая төгрөгийн орлого олдог байна. Улсын аварга малчин маань залуу гэр бүлүүдэд мал маллах арга ухаанаа зааж, сурган малжуулж, амьдрал ахуйд нь тус нэмэр болсоор иржээ. Мөн 2010 онд шилдэг татвар төлөгч малчин өрхөөр шалгарснаас гадна хүмүүнлэг үйлстэн, үлгэр жишээ гэр бүл юм.
Улсын аварга малчин Ц.Энхтөр болон түүний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.