
2025.02.17
АРДЧИЛСАН НАМ АВСТРАЛИЙН ЛИБЕРАЛ НАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддорж, Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарын бүрэлдхүүнтэй Ардчилсан намын төлөөлөл Австрали улсад албан томилолтоор ажиллаж байна.
Тэднийг Австрали улсын Либерал намын удирдлагууд Канбераа хотноо хүлээн авч уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө. Австрали улсын Либерал нам нь баруун төвийн үзэл баримтлалтай, Австралийн улс төрд голлох байр суурь эзэлдэг хамгийн том нам бөгөөд 2013-2022 оны хооронд 3 сонгуулийн хугацаанд төр барсан бөгөөд 2022 оноос сөрөг хүчин болоод байгаа юм. Тус намын удирдлагууд парламентийн сүүлийн сонгуульд ялагдсан хоёр шалтгааны нэг нь дотоод зөрчлийн асуудал байсныг өнгөрсөн хугацаанд бүрэн шийдвэрлэсэн гэв.
Харин ялагдлын гол шалтгаан болох Ковидын үеийн эдийн засаг, нийгмийн бэрхшээл түүнийг дагасан халамжийн популизмын эсрэг өөрсдийн байр суурь, зарчим дээрээ зогссон, сүүлийн 3 жилд зүүнтнүүдийн бодлого эдийн засгийг хөгжүүлээгүй улам ч уруудуулж амьжиргаа дордсон, үүний эсрэг зөв шийдэл манай үзэл баримтлалаас гарах юм гэдгийг иргэд ойлгосон тул энэ удаагийн сонгуульд рэйтинг өндөр, ялахаар байна гэж Либерал намын гадаад харилцаа хариуцсан дэд дарга Жош Мануату ярьж байна.