
Ардчилсан намын төлөөлөгчид Шинэ Зеландад ажиллаж байна
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн асан Н.Ганибал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж, Д.Амарбаясгалан, А.Батпүрэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ сарын 11-14-ний өдрүүдэд Шинэ Зеланд улсад ажиллаж байна.
Шинэ Зеланд нь Монгол Улсын Ардчилсан шилжилтийг анхнаас нь дэмжиж ирсэн өрнөдийн орнуудын нэг бөгөөд хөдөө аж ахуйд суурилсан өндөр орлоготой хөгжингүй орон гэдгээрээ манай улс туршлага судлах боломжт өндөртэй улс билээ.Төлөөлөгчдийг өнөөдөр Шинэ Зеландын Парламентийн дарга Гэрри Браунли болон тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд Уинстон Питерс нар хүлээн авч уулзжээ.
Ноён Браунли ардчиллыг бэхжүүлэх тогтолцооны ач холбогдлыг онцлон дурдаж парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн дарга О.Цогтгэрэл Монгол, Шинэ Зеландын хүн амын тоо ойролцоо, парламентын тогтолцоо, гишүүдийн тоо ижил учир парламентын ардчиллын чиглэлээр харилцан туршлага солилцох орон зай их болохыг мөн онцлон тэмдэглэж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан ноён Браунлигийн Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалд амжилттай амжилт хүслээ. Харин Гадаад харилцааны сайд ноён Питерс ойрын үед Монгол Улсад айлчлах гэж буйгаа бататгаад төрт ёсны арвин баялаг түүхтэй танай улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхдээ баяртай байна гэв.