Улаанбаатар Метро төслийн санхүүжүүлэгчээр Английн JP Morgan Chase Bank томилогдлоо
2025.04.16

Улаанбаатар Метро төслийн санхүүжүүлэгчээр Английн JP Morgan Chase Bank томилогдлоо

Улаанбаатар Метро төслийн санхүүжилтийг Английн Засгийн газрын баталгаатай урт хугацаатай зээлээр шийдвэрлэх ажлын хүрээнд санхүүжилтийн үндсэн агент, Arranger банкийг сонгон шалгаруулж томиллоо.

Английн Засгийн газрын Экспорт кредит агентлаг UKEF болон санхүү, хуулийн зөвлөхүүдийн хамтаар дэлхийн нэр хүндтэй 8 банканд “Санал Илгээх Хүсэлт” (RFP) хүргүүлснээс дэлхийн нэр хүндтэй 5 банкнаас Улаанбаатар Метро төслийн үндсэн санхүүжүүлэгч, Arranger болох саналыг (EoI) ирүүлсэн.

Ирсэн саналуудыг харьцуулж, шалгарсан JP Morgan Chase Bank-тай 14 хоногийн турш хэлэлцээр хийн, 4-р сарын 15 өдөр амжилттай гэрээлж, уг банкийг Улаанбаатар Метро төслийн үндсэн агент, Arranger банкаар томиллоо.

Уг банк нь манай төслийн баг, зөвлөхүүд болон UKEF-тэй хамтран ирэх саруудад төслийн санхүүжилтийн хамгийн оновчтой, нийслэлд санхүүгийн дарамтгүй байх схемийг үүсгэж, Улаанбаатар Метро төслийн дүнгийн 85%-г олон улсын эх үүсвэрээс татан төвлөрүүлж, зохион байгуулж, төслийн хэрэгжилт болон эргэн төлөлтийн хугацаанд санхүүгийн хяналт, зохицуулалт хийж хамтарч ажиллана.

Урьдчилсан байдлаар Английн Засгийн газрын Экспорт Кредит Агентлагийн баталгаатай уг зээл нь Метро ашиглалтад орох хүртэл эргэн төлөлтгүй, ашиглалтад орсноос хойш 15 жилийн хугацаатай бага хүүтэй, тогтвортой зээл байх ба уг зээлийн үндсэн шаардлага нь үнийн дүнгийн 20 хувьд Англиаас бараа материал авах юм.

Улаанбаатар Метро төслийн хувьд метроны галт тэрэг болон цахилгаан, механик тоног төхөөрөмжүүдийг Англи Улсаас уг шаардлагын хүрээнд авахаар судалж байна. Дашрамд дурдахад, Метрог анх Лондон хотод 1863 онд барьсан ба Англи Улс нь дэлхийд анхдагч туршлагатай, метро холбогдох технологиороо тэргүүлэгч улс юм.