
Энэтхэгийн дэвшилтэт технологийг Монголын ХАА-н салбарт нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг Монголд ажиллуулахад талууд анхаарч ажиллана
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хуралд оролцох үеэрээ 2 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкартай уулзав.
Уулзалтын үеэр Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, бизнес форум, соёлын арга хэмжээ зохион байгуулахаар сайд нар санал нэгдэв.
Түүнчлэн Засгийн газар хоорондын комисс, Гадаад хэргийн яам хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг хамтын ажиллагааны механизмуудаар дамжуулан хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, Энэтхэгийн дэвшилтэт технологийг Монголын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх, англи хэлний багш нарыг Монголд ажиллуулах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиролцов.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг зохицуулахад дэмжлэг үзүүлсэн Энэтхэгийн талд сайд Б.Батцэцэг талархлаа илэрхийлэв. Төслийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар сайд нар тохиролцлоо.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан