Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн иргэдийн санал хүсэлтийг сонсов
2025.02.04

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн иргэдийн санал хүсэлтийг сонсов

УИХ-ын  гишүүн М.Бадамсүрэнгийн ахалж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг Зүүн бүсийн аймгуудад ажиллаж байна. 

Тодруулбал, Зүүн бүсээс сонгогдсон гишүүд УИХ-ын намрын чуулганы завсарлагаанаар гурван хэсэг болон ажиллаж байгаа билээ. 

Тэгвэл  УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнгийн баг өнөөдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор, төвийн багт ажиллав.

Уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ Монгол Улсын  Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцуулж, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Шинэ хоршоо, ЖДҮ, өрхийн бизнесийн орлого, хөдөө аж ахуйн салбар, Үндэсний баялагийн сангийн талаар мэдээлэл хүргэлээ.

Багийн иргэд малчдын сайн дурын даатгал, малчдын нийгмийн даатгал, Улаанбаатар хотод хөдөөний авто машин ороход төлбөр төлөх, цахилгааны үнэ өндөр, залуу малчид малгүй болж төв суурин бараадаж байгаа, малчны зээл,  малжуулах төсөл, Баяндэлгэрийн улаан ямааны гарал үүслийг тодотгох, шинэ хоршооны санхүүжилтын талаар асуулт асууж хариулт авсан байна.

Мөн УИХ-ын гишүүд Эргэх холбоотой ажиллаж, төр засгийн анхан шатны нэгж болох багт хүрч иргэддээ УИХ, Засгийн бодлого шийдвэрийг хүргэж иргэдийн санал хүсэлтийг сонсож байгаад талархал илэрхийлж байлаа.