Х.Нямбаатар: Айлуудын зуухыг солихгүй бол угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд "Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
Хотын дарга Х.Нямбаатар "ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар Улаанбаатарын агаарын бохирдлыг автомашины яндангаас гарч буй утаа, гэр хорооллын яндангууд, ДЦС-ын утаа, төвлөрсөн том хогийн цэг бүрдүүлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд нийслэлийн автомашины тоо 500 мянгаар өссөн. 2011 оноос хойш нийслэл агаарын бохирдлыг бууруулахаар 340 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Зуухны асуудал Монголын асуудал болчихлоо.
Энэ жил 5000 айлыг орон сууцанд шилжүүлнэ. 15000 айлыг байгалийн хийн системд холбоно. Манай улсын бүх дулааны станцууд бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа. Одоо бол 1 мкв талбайд ч дулаан өгөх боломжгүй болсон. Яагаад Улаанбаатарын төвд орон сууц шавсан бэ гэвэл авлигаар дамжуулан дулааны шугам руугаа шавж орон сууцжуулах төлөвлөлт явагдсан. Ингээд дулааны гүнзгий хомсдолд орчихсон байна.
Гэхдээ Улаанбаатарчуудын 54 хувь нь орон сууцанд 46 хувь нь гэр хороололд амьдарч байна. Гэр хорооллын айлууд газад холбогдчихвол гэртээ хэрэглээний халуун, хүйтэн устай болно.
Түүнчлэн зуухны асуудал Монголын асуудал болчихлоо. Гэтэл 90000 айлын зуухыг нэн яаралтай солих шаардлагатай. Сольё гэхээр татвар төлөгчийн мөнгөөр солилоо гэх юм. Солихгүй гэхээр угаартаж байгаа хүмүүсийн дуудлага багасахгүй байна" гэв.