“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" хэлэлцүүлэгт судлаачдын 44, иргэний 38 төлөөлөл оролцлоо
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд /амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх/” хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна.
Утааны сонсголын ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН "Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах сэдэвт хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийтийн өргөдөл гарын үсэг зурсан хүний тоо хуульд заасан хэмжээнд хүрсэн учир УИХ авч хэлэлцэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг нийт гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар сонсголын бэлтгэл ажлыг хангуулах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн дарга бөгөөд сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн миний бие сонгогдсон.
Бид олон нийтэд мэдээллийг ерөнхий сонсголын ердөө хоёрхон өдөрт мэдээлэх боломж хязгаарлагдмал тул аль болох олон нийтийн санаа бодлыг тусгах, эрдэмтдийн үгийг тусгах зорилгоор дэд хэлэлцүүлгүүдийг хийхээр болсон.
Эхний хэлэлцүүлэгт, агаарын бохирдол ба эрүүл мэнд. Хоёрдугаар хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн Лхагва гаригт "стандарт хяналт" буюу түлш, зуух, тэдгээртэй холбоотой технологийн асуудлуудыг сонсоно. Гурав дахь хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 29-ний өдөр хуулийн орчин, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, түүнд зарцуулсан санхүүжилт, үр дүн, хяналт гэсэн сэдэв байгаа.
Өнөөдрийн дэд хэлэлцүүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр бид олон мэдээллийг нотлох баримттай, судалгаа шинжилгээтэй нийтэд танилцуулна.
"22 ГИШҮҮН, ТӨРИЙН БОЛОН СУДЛААЧДЫН 44 ТӨЛӨӨЛӨЛ, 38 ИРГЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ БАЙНА"