2025.01.16

Н.Батсүмбэрэл: Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих ажил урагшлах ёстой

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өайр суурь илэрхийллээ

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

Монголчууд олон 100 жилийн өмнөөс хот байгуулж ирсэн ийм түүхтэй ард түмэн. 21-р зуунд шинэ хот байгуулах эрмэлзлийг тээж үүнтэй холбоотой шийдвэр гарч УИХ-даа хууль өргөн барьж байна. Ажлын хэсэг ч бас нэлээн завсаргүй ажилласан. Ажлын хэсэг дээр зарчмын зөрөөтэй, байр суурийн зөрөөтэй олон саналууд гарсан. Гэсэн хэдий ч санал хураалт хийгдээд олонхын саналаараа явж байна. Парламентын дэгийн дагуу холбогдох байнгын хороогоор санал хураалт нь явагдаад энд орж ирж байгаа. Ер нь Улаанбаатар хотын хүчин чадал бодит амьдрал дээрээ үнэнд гүйцэгдчихсэн. Бид нар цэвэр усны нөөц, дэд бүтцийн хангамж, газар зүйн тогтоц гээд олон зүйлүүдийг Улаанбаатар хот маань бодит амьдралд гүйцэгдчихсэн учраас бид нар шинэ хотын тухай байнга ярьж байгаа. Улаанбаатар хотыг Богд уулынхаа урд нүүлгэж гаргах тухай, Богд уулаа нүхлэх тухай. Мөн Дархан болон бусад хот руу Улаанбаатар хотыг шилжүүлэх тухай байнга ярьж ирсэн. Олон ч жил нүүх үү, үлдэх үү гэж ярьцгааж ирсэн ийм түүхтэй. Тийм учраас энэ ажлыг эхлүүлж байгаад нэн тааламжтай бөгөөд дэмжиж байна. Тиймээс энэ ажил урагшаа явах ёстой. Энэ ажлыг түүхэн талаас нь харахад аль хэдэн 100 жилийн өмнө 1220 онд анх Хархоринд хот байгуулж байсан. Одоо энэ түүх давтагдаж 2024 оны луу жилд энэ түүхэн ажил үргэлжлээд явж байна. Алдаа дутагдал гарч ирж болзошгүй ээ. Алдаа дутагдлыг аль болох бага гаргах.Улаанбаатар хотод бий болсон алдааг давтахгүй байх тал дээр энэ төлөвлөлт хариуцаж байгаа хүмүүс анхаарч ажиллах ёстой. Одоо байгаа Хархорин сумыг холбогдох ойрхон байгаа тэр 4, 5 сумыг яах вэ? тэр бүсийг хэрхэн хөгжүүлэх вэ? Хархорин хот маань бүсийн төв болох уу? цаашлаад Монгол Улсын нийслэл болох уу? гэдэг асуудлууд ч ард нь хөндөгдөж байгаа юм. Эрх зүйн асуудлыг нээж өгөхийн тулд энэ хууль явж байна гэж ойлгоод байгаа. Тэгээд энэ асуудлыг нэлээн ул суурьтай хандах үүднээс эдийн засгийн тооцооллыг нь гаргах, бүс нутгаас сонгогдсон хүний хувьд Тэмүүлэн гишүүн ч нэлээн сүрхий ахлаад ажиллаж байгаа. Энэ ажил парламент дээр нэлээн хүчтэй, шуурхай явах байх гэж бодож байна. Тиймээс энэ санаачилгыг бид нар дэмжих хэрэгтэй. Их хурлын гишүүд бид чинь олон ажил хийж амжаагүй байна шүү дээ. Эхний 126 гишүүнтэй парламент төсвийн хууль нэг баталлаа. Бие даасан хууль энэ Хархорин хотын хууль. Бид нар өөр бүтэн хууль баталж хараахан амжаагүй. Тэгэхээр энэ анхны хуулиа бол нэлээн сайн шүүгээд дэмжээд явах нь бол зүйтэй байна. Холбогдох захиргааны хүмүүс маань энэ их хурлын гишүүдийн хэлээд байгаа саналуудыг хүлээж авах. Ялангуяа хот төлөвлөлтийн асуудал, газар олголт, зохион байгуулалттай холбоотой асуудлууд дээрээ алдаа мадаг гаргахгүй байх.Улаанбаатар хотын газрын наймааны алдааг давтахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллаарай гэдгийг захиж хэлье. Энэ ажил цаашаа урагшлаад явах ёстой. Тийм учраас намрын чуулган дээрээ батлаад дуусах байлгүй гэж бодож байнаУлаанбаатар хотын ачааллыг бууруулах хот, хөдөөгийн ялгааг багасгах шинэ хот байгуулах энэ ажлыг дэмжиж байна. Цаашдаа Монгол Улсынхаа төв цэгт Хархорин хотод нүүж очих асуудал ч хөндөгдөж болзошгүй. Ийм учраас энэ асуудлыг дэмжиж байна. Их Хурлын гишүүдийгээ дэмжиж, асуудалд шинжлэх ухаанч, шударгаар хандаж саналаа өгөхийг уриалж байна.