2025.01.16

Н.Алтаншагай: Хархорум хотын иргэн боллоо гэхэд бусад аймгийнхаа сумын хилийн цэсийг яаж тогтоох вэ?

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотой гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Олон Улсад Хотыг шилжүүлэхдээ 2-3 үндэслэлээр  шилжүүлж, шинээр байгуулна гээд байх шиг байна. Нэгдүгээрт эдийн засгийн хот байгуулахаар. Хоёрдугаарт улс төрийн буюу геополитикийн төв рүү шилжих. Энэ чиглэлээр хотууд шинээр үүсэж байгаа. Хот төлөвлөлттэй холбоотойгоор шинээр зарим улс орнууд хотуудаа шилжүүлсэн, шинээр барьсан ийм тохиолдлууд байгаа. Олон улсууд хотоо шинээр барих, шилжүүлэхдээ алдаа гарч байсан. Эзэнгүй ч хот болж байсан. Энэ Хархорум хот эдийн засгийн хот байна уу, аялал жуулчлалын чиглэл рүү байх уу? Миний ойлгож байгаагаар түүхэн дурсгалт эртний нийслэл рүүгээ шилжих гэсэн ийм концепц явж байх шиг байна. Хоёрдугаарт орон нутгийн чанартай Хархорин хот, улсын зэрэглэлтэй Хархорум хот гээд хоёр нэршилтэй байгаа. Энэ төлөвлөлт дээр тухайн Хархорин сумын газар нутаг орж давхцаж байгаа. Энийг нэгтгэх тал дээр уян хатан байдлаар шийдэхгүй бол хоёр зэрэгцсэн том жижиг хот шиг юм болчхож байгаа. Хууль эрх зүйн орчны нэг дэд бүтцийг нь уялдуулж явахгүй бол төлөвлөлт дээр алдаа гарах юм бол Улаанбаатар хоёр гэсэн хот болж хувирна. Хууль эрх зүйн орчноо, дэд бүтэц, бүтээн байгуулалтынхаа ажилтай уялдуулж явахгүй бол Улаанбаатарын газар олголт шиг болно. Төлөвлөлтийн алдаатай хот болчихвол энэ дээр хөрөнгө оруулалт ч байхгүй. Тал дээр хэдэн балгас үлдэхийг үгүйсгэхгүй. Тиймээс үүнийгээ маш сайн уялдуулж өгөөч ээ. Бусад аймгийн газар нутгийн давхцал байгаа юм байна. Архангай аймаг, Өвөрхангай, Булганы бас зарим хэсэг орж байна. Өгий нуур сум орж байна энэ маань яаж зохицуулагдах юм Хархорум хотынхоо газар нутагт орж явах юм уу? Улаанбаатар хотын Богд уул шиг болоод явчихвал хэцүү шүү дээ. Хархорум хот үүсчихдэг хажуугаар нь бусад аймгийнхан нь шаваад, 2 метрийн зайтай газар өгөөд замбараагүй болговол энэ чинь хот төлөвлөлт үндсэндээ нурна гэсэн үг. Тэгэхээр энэ Үндсэн хуульд ч бараг өөрчлөлт орж мэдэхээр ийм асуудал үүсэж болох уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа