E-Mongolia, E-Kids системд датагүй нэвтэрч, хүүхдээ хаана байгааг мэдэх боломжтой
2023.10.10

E-Mongolia, E-Kids системд датагүй нэвтэрч, хүүхдээ хаана байгааг мэдэх боломжтой

E-Mongolia болон шинээр бүтээж буй e-kids системд дата хэрэглэхгүй нэвтэрч, үр хүүхдээ хаана байгааг мэдэж, дуудлагыг нь хүлээн авах боломж бүрдүүлж байна.

Төрийн цахим үйлчилгээний E-Mongolia-д е-kids хүүхэд хамгааллын системийг ирэх долоо хоногт нээхээр ажиллаж байгаа аж. Эцэг эхчүүд тус системд датагүй нэвтэрч, хүүхдийнхээ байршлыг хөдөлгөөнтэй нь мэдэж тогтоох, тусламжийн дуудлагыг нь хүлээн авах боломжтой юм. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагууд E-Mongolia, e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг дэмжиж нэгджээ.

Огцом өсөж буй цахим гэмт хэрэг, хүүхдийн эсрэг хүчирхийллээс технологи ашиглан хамгаалах нь дэлхий дахинд өдөр тутмын хэрэглээ болсны нэг жишээ нь Google family Link апп. Ухаалаг технологи ашигладаг монгол эцэг эхчүүд энэ аппликэйшнийг хэрэглэдэг аж. E-Mongolia 1,6 сая хэрэглэгчдэдээ эхний ээлжинд мэдэгдэл илгээж, гар утсандаа хэрхэн татаж ашиглах заавар байршуулаад байна.

​ЦХХХ-ны сайд Н.Учрал “Иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах нь төрийн үүрэг ч насанд хүрэгсэд, ээж аавууд цахим гэмт хэрэг, хүчирхийллээс үр хүүхдээ хамгаалах нь жам ёсны үүрэг” хэмээгээд, төрийн цахим үйлчилгээ, хүүхэд хамгааллын системд үнэ төлбөргүй нэвтрэх боломж олгож, нийгмийн хариуцлагыг ухамсар, ёс зүйгээр үлгэрлэж буй үүрэн холбооны компаниуддаа талархал илэрхийлжээ.