Н.Учрал: Технологийн гайхамшгаар төр засаг, эцэг эх нь үр хойчсоо хамгаалж чаддаг байх ёстой
2023.10.10

Н.Учрал: Технологийн гайхамшгаар төр засаг, эцэг эх нь үр хойчсоо хамгаалж чаддаг байх ёстой

Өнөөдөр чухал өдөр. Харилцаа холбооны сайдын үүрэг хүлээсний утга учрыг мэдрэх өдөр. Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд орж, Франц руу нисэх гэж байна. Түүхэн айлчлал болж, Монгол хүн, Монгол хүүхэд бүрд үр өгөөж хүрэх сайн мэдээтэй ирнэ.

Та бид эх орондоо, элсэн говьд энхрий бяцхан үрсээ бэдрэн хайдаг, бядан эрдэг баймааргүй байна. Интернэтийн эринд иргэнээ олохгүй төөрч, амь насыг нь алдмааргүй байна. Далайн орнууд хөлөг онгоцнууд, хөнгөн завинууд, олон жижиг арлынхаа аль ч булан тохойд буй иргэнтэйгээ 24 цаг холбоотой байж, авран тусалж чаддаг. Технологийн сүүдэрт гаж донтнууд сошиал сүлжээнд хүүхэд рүү гэтэж байхад технологийн гайхамшгаар төр засаг, эцэг эх нь үр хойчсоо хамгаалж чаддаг байх ёстой.

Монгол харь улсаас түлш шатахуун, эрчим хүчээр хараат, айлаар бол хүнээс гал, гэрэл царайчлан гуйдгийнхаа адилаар үндэсний харилцаа холбооны хувьд ч түрээсийн өрөөнд байдаг. “Ах аа, утсаараа нэг яриулчхаач, ганц мэйл, зар оруулчихъя” гэдэг улс үр хүүхдүүдээ, ард иргэдээ хамгаалж, яаралтай холбоо барьж чаддаггүй улс баймааргүй байна. Ерөнхийлөгчийн Францад хийх айлчлалын үеэр сансрын холбоогоор тэргүүлэгч гүрний нэг энэ улстай үндэсний хиймэл дагуулаа бүтээх талаар том алхам хийгээд ирнэ. Ерөнхий сайд, ЗГ-ын дэмжлэгээр Ерөнхийлөгчийн манлайлал дор түүхэн ажлын эхлэл тавигдана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn