Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав
2022.01.19

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлав

Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд (Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай)-ийг хэлэлцсэн.

Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу тус асуудлыг хэлэлцсэн гэдгийг С.Бямбацогт гишүүн санал, дүгнэлтдээ дурдаад Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Шүүхийн сахилгын хорооны саналыг Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Мягмарцэрэн нар танилцуулсан гэдгийг тодотгов.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд адил ажил, албан тушаал эрхэлж байгаа этгээдийн цалин хөлс ижил байх зарчим алдагдах нөхцөл үүсэж байгаа бөгөөд цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалингийн асуудлыг ижил болгоход анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүд нь шударга ёс тогтооход чухал үүрэгтэй бөгөөд хуулийг нэг мөр хэрэгжүүлж, иргэдийн хүлээлтэд хүрч ажиллахад анхаарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Шүүхийн сахилгын хороо нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй адил Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллагын хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй ангилал зэрэглэл адил байх зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цалингийн асуудлыг итгэлцүүрээр тогтоох нь зүйтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын Их Хурлаас шүүгчид, Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийг өндөр хэмжээгээр тогтоож байгаа бөгөөд ёс зүй, сахилга хариуцлагатай ажиллах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалингийн асуудлыг яаралтай шийдэх нь зүйтэй талаар тус тус санал хэлсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ш.Адьшаа нарын асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулт өгсний дараа Байнгын хорооны саналаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь, “Цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь тус тус дэмжсэн.