2022.01.14

Н.Наранбаатар: Улсын өмгөөлөгчийн нийгмийн асуудал хэрхэн өөрчлөгдөн орсон бэ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2022.01.14/-ийн Нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Улсын өмгөөлөгчийн нийгмийн асуудал энэ хуульд хэрхэн туссан, хуучнаасаа хэрхэн өөрчлөгдсөн юм бэ?

Хөдөө орон нутгуудад хууль зүйн туслалцаа авах иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь тоон мэдээнээс харагдана. Нөгөө талаас хөдөө орон нутагт ажиллах хүчин хангалтгүй учраас Улаанбаатар болон бусад газраас томилогдож очдог. Тэгээд очихоор орон байр байдаггүй.

Орон байраар хангах асуудал хуулиндаа ямар заалтаар орсон бэ? Аймгийн ИТХ, Засаг даргын эрх хэмжээнд нь ямар зохицуулалт орж өгөхөөр байгаа вэ?

Цалин хангамжийн асуудал ямар байгаа вэ? Уул уурхайн бүс нүтагт хуульчдийн эрэлтээ хэрэгцээ их. Уул уурхайн компаниудад хуулийн зөвлөхүүд эрэлттэй, цалин өндөр байдгаас шалтгаалан шилжиж явдаг. Тийм учраас цалин хангамж нэмэгдүүлэх, орон байргүйгээс болж байр түрээслэх асуудал, ажиллаж амьдрах нийгмийн асуудал хүндрэлтэй байдаг.

Ажлын байрыг нь орон нутагт хэрхэн зохицуулж өгөх вэ? Хуучны жишгээс харахад Хууль зүйн хэлтсийн өрөөнд олуулаа нэг дор суудаг. Үйлчилгээ авах гэж ирсэн хүн олон хүний дэргэд яриад суух тохиромжгүй, ажил тараас 18 цагаас хойш хүмүүстэйгээ уулзаж байгаа харагддаг.

Ажиллах нөхцөл, хөдөөгийн сумдад явж ажиллаж шаардлага гарахад унааны асуудал хүндрэлтэй байдаг. Энэ талаас нь дэмжих ямар заалтууд орж ирж байгаа вэ? Улсын өмгөөлөгч орон нутагт зайлшгүй ажиллах шаардлагатай. Энэ нь хүмүүсийн хуулиар хамгаалуулах, өмгөөлүүлэх эрхэ хангахад нь чухал үүрэг нөлөөтэй ажил учир үүнд дэмжиж хуулийн төсөл оруулж ирж байгаа та бүхэнд талархаж байна.

Түүний асуултад ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.