2025.06.26

Х.Тэмүүжин: Хүний эрхэд суурилсан хүн төвтэй хуулийн бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьсан

УИХ-ын чуулганы 2025/06/26ны өдрийн нэгдсэн хуралдаанаар " Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ.

Санал хураалттай холбоотойгоор нэг үг байна. Протоколд тэмдэглүүлэхийг хүсэж байна. Нийгмийн хэм хэмжээ гэдэг энэ ойлголтыг яг ямар ойлголт вэ гэдгээрээ ХЗБХ-н дээр маргасан. Үндсэн хууль дээр хэрэглэгдсэн ойлголт учраас нэр томьёог нь ашиглаж байгаа гэсэн утгатай. Энэ өөрөө паблик ордер буюу нийтийн хэм хэмжээний тухай ойлголт байгаа. Нийгмийн гэдэг үгийг ашиглачихаар хэмжигдэхэд төвөгтэй субъектив болдогУИХ-ын стратегиа баталсан. Стратегийн хамгийн гол зорилго бол хүний эрхэд суурилсан хүн төвтэй хуулийн бодлогыг хэрэгжүүлнэ хууль тогтоомжийг энэ чиглэл рүү боловсруулж батална гэдэг зорилт тавьсан. Яагаад энэ нийгмийн эсхүл нийтийн гэдэг хоёр үгийн ялгаа гараад байгаа юм бэ гэхээр нийгмийн гэхээр субъектив төдийгүй хүнээсээ тасарчхаж байгаа юм. Нийтийн гэх юм бол илүү олон хүнд хамаатай олон хүний дунд тогтсон хэвшсэн хэм хэмжээний тухай ярьж байгаа юм. Тийм учраас өнөөдөр энэ хууль тогтоомжийн хууль дээр нийгмийн хэв журам гэдэг үг хэрэглэгдэж байгаа боловч цаад агуулгаараа нийтийн хэв журам буюу хүмүүсийн дунд тогтсон хэв журам гэдэг агуулгаар нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой хууль орж ирж байгаа бол бусад олон хүний аюулгүй байдал тэдний нийтлэг ашиг сонирхол хэм хэмжээг эрхэмлэх хамгаалах, зорилготой хязгаарлалт орж ирж байгаа шүү гэдэг агуулга хэрэглэж байгаа шүү. Тэгэхгүй бол хууль тогтоомжийг боловсруулан оруулж ирэхдээ хэтэрхий хийсвэр субьектив. Хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах болчих вий гэдэг болгоомжлол байгаа.

Сэтгүүлч

. Б.Хонгорсайхан