УИХ-ын гишүүн Х.Баттулга УЕПГ-т хандлаа
2012.03.30

УИХ-ын гишүүн Х.Баттулга УЕПГ-т хандлаа

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын нэр бүхий хүмүүсийг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шаардлагатай баримт, материалыг өөрийн биеэр хүргэж өгсөн билээ. Тэгвэл өчигдөр тэрээр УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай хамт Улсын ерөнхий прокурорын газарт очиж, Авлигатай тэмцэх газарт өгсөн баримт, материалаа хүлээлгэж өглөө. Гишүүдийн өгсөн материалыг Ерөнхий прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат хүлээж авсан юм. Өмнөхийн ижил баримтын хувийг өгсний учир нь энэхүү асуудалд улсын прокурорын байгууллага анхаарал хандуулж, хяналт тавьж ажиллахыг сануулсан хэрэг хэмээн тэд онцолсон юм.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга "Стратегийн орд газрын жагсаалтыг Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа баталж гаргасан. Гэтэл Таван толгойн зарим хэсгийг нь хувийн компани эзэмшиж, уг орд бүхэлдээ эдийн засгийн эргэлтэд орохгүй гацчихлаа. Гэтэл тэр хувийн компанийнх нь барьсан байранд сайд нар нь орчихсон байна. Энэ асуудлыг шалгаж тогтоолгохоор Авилгатай тэмцэх газарт.өмнө нь хандсан. Аливаа асуудал цаг хугацаа өнгөрөх тусам замхардаг. Тиймд прокурорын байгууллага давхар хяналт тавих ёстой гэдэг үүднээс хандаж байгаа юм" гэв. Түүнийг ийн хэлсний дараа УИХ-ын гишүүн Л.Гүндалай "УИХ Таван толгойн ордыг стратегийн орд газрын жагсаалтад оруулах-даа орон нутгийн Таван толгой компани, "Энержи ресурс", "Дайцику" компанийн эзэмшиж байгаа талбайг оруулаад бүхэлд нь стратегийн орд гэж нэрлэсэн. Гэтэл Засгийн газар УИХ-ын энэ тогтоолыг хэрэгжүүлэхгүй байна.

Таван толгой бүхэлдээ стратегийн орд газар юм бол ард түмэн хувь эзэмших ёстой. Стратегийн орд га-зарт хамаарагдаж байгаа орд газрыг "Энержи ресурс" гэх олигархиудын бүлэглэлээс бүрдсэн компани авчихсан. Тэр бүлэглэлүүд орд газрыг дамлаад зарж байгаа. Өөрөөр хэлбэл, бидний эзэмших ёстой Таван толгойн орд газрын 20 хувийг зараад зарсан мөнгөө өөрсдөө хувьдаа авсан гэсэн үг. Тэгэхээр бусдад хууль бусаар зарсан энэ стратегийн орд газрыг буцааж авах ёстой гэдэг үүднээс бид АТГ-т хандсан. Одоо прокурорт хандаж байна" гэсэн юм. УИХ-ын хоёр ги-шүүний өгсөн мэдээллийг хүлээж авсан Ерөнхий прокурорын туслах, Тамгын хэлтсийн дарга Б.Үнэнбат "Гишүүдийн өгч байгаа энэхүү мэдээллийг жирийн иргэдээс ирдэг мэдээллийн адил шалгаж хэлэлцэх болно. Энэ бол баримт биш мэдээлэл юм байна. Гишүүд өөрсдөө мэдээлэл гэж гарчигласан байна" гэв.

УИХ-ын гишүүн Х.Баттулга Улсын ерөнхий прокурорын газарт мэдээлэл хүлээлгэж өгснийхөө дараа сэтгүүлчдийн асуултад ийн хариулсан юм.

-Та энэ мэдээллээ яагаад одоо өгч байгаа юм бэ. Таныгнууц гэрээ хийсэн гэдэгяриа гарахаас өмнө өгч болоогүй юм уу?

-Надтай холбоотой мэдээлэл гарсны дараа асуудлыг хөндөөгүй ш дээ. Ц.Нямдорж нууц гэрээ энэ тэрийг ярихаас өмнө би телевизийн ярилцлагад орохдоо энэ тухай ярьсан. Би телевизийн ярилцлагад орохоосоо ч өмнө ярьж байсан шүү дээ.

-Авлигатай тэмцэх газарт өгсөн мэдээллийг чинь шалгаж байгаа болов уу?

-Шалгаж байгаа байлгүй дээ. Ямартаа ч надаас байцаалт авч асуудлыг тодруулсан.

-Таныг өөрөө бас шалгуулах ёстой гэдэг яриа гарч байгаа. Та шалгуулахад бэлэн байгаа юу?

-Бэлэн байна. Шаардлагатай гэж үзвэл шалгуулах ч болно.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.