ТББХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ
2019.08.26

ТББХ: Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн Баасан гарагийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэсэн.

Харин хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээр дахин ярилцаж нягтлах, зөвшилцөх шаардлагатай болсон учраас Байнгын хорооны хуралдааныг өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон юм.

Иймээс Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2019.08.26) үдээс өмнө хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас дахин нягтлахаар түр хойшлуулаад байсан саналуудыг ярилцаж тодорхой шийдэлд хүрсэн байна. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан  14 цаг 40 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинжаргал, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор А.Бямбажаргал, Үндсэн хууль судлаач О.Машбат нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг оролцлоо.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх зарим зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналаар төслийн 2 дугаар зүйлд буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “төрийн өмч” гэснийг “төрийн нийтийн өмч” гэж өөрчлөхөөр болов. Энэ санал дэмжигдсэнээр Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байхаар томьёологдож байгаа юм.

Төслийн 3 дугаар зүйл буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулахаар Ажлын хэсгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив.

Мөн төслийн 2 дугаар зүйлд буюу Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтад “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг нэмэхээр тогтов.

Түүнчлэн төрийн албаны зарчим, үйл ажиллагаатай холбоотой төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалт буюу Дөчин зургадугаар зүйлийн 4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд хараат бусаар ажиллана. Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно” гэж өөрчлөн найруулахаар боллоо.

Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Хаянхярваа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь буюу 83.3 хувь нь дэмжив.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлнэ.