Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн "Нандин өв" үзэсгэлэнгийн нээлт
2019.07.19

Дарьганга хийцийн мөнгөн эдлэлийн "Нандин өв" үзэсгэлэнгийн нээлт

Дарьганга мөнгөн урлалын “Нандин өв” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийлээ.

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн түүхт 70 жилийн ойн хүрээнд тус музей Дарьганга мөнгөн урлалын сор болсон  чамин нарийн ур  хийц бүхий  мөнгөн эдлэлийн 200 орчим цуглуулга, ард иргэдэд хадгалагдаж буй 10 гаруй үзмэрээс бүрдсэн “Нандин өв” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейтэй хамтран олон нийтэд толилуулж байна.  

XIX зуунаас эдүгээ хүртэл Дарьганга нутгаас хэдэн арван алдартай уран дархчууд төрөн гарчээ.

Эдгээрээс Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейн сан хөмрөгт Ласран, Д.Молом, Д.Дүйнхэр, Ш.Дондов, М.Сэнгэдоо, М.Балдан-Осор, М.Зундуй, Н.Содов, Н.Амартайван, Ш.Даваадорж, Б.Хүрэлбаатар нарын шилдэг бүтээлүүд хадгалагддаг байна. Дарьгангын алдарт дархан Ш.Дондовын урласан Дарьганга эхнэрийн толгойн гоёл ба Хотолбаярын урласан үзэмчин эхнэрийн толгойн гоёл Монгол Улсын “Хосгүй үнэт”  өвөөр бүртгэгдэн үзэгч олны мэлмийг мялааж байгаа нь энэ юм.

Дарьганга дархчуудын урласан мөнгөн эмээл, хазаар, хэт хутга, аяганаас хээ угалзны дан болоод давхар сүлжээ, хаж, самнаа, хөдөлгөөнт луу, цэцэг, навч, эрвээхэйг ухаж гаргасан гойд урыг тодхон харж болно.

Тухайн мөнгөн эдлэлийг чимэглэж буй хээ чимгийн зохиомжийг маш нарийн арга ухаанаар урлан гүйцэтгэдэг ур ухааны цогцолбор, чадал чансаагаараа Дарьганга хийц бусад газрын мөнгөн урлалаас тод ялгарч байдаг.