“Үдшийн музейд” ес дэх удаагаа боллоо
2019.07.09

“Үдшийн музейд” ес дэх удаагаа боллоо

Чойжин ламын сүм музейгээс ес дэх жилдээ зохион байгуулсан “Үдшийн музейд” арга хэмжээ долдугаар сарын 09-ний үдэш болж, гадаад, дотоодын жуулчид, Монголын өв соёлд хайртай хүмүүсийн төлөөлөл хуран чууллаа.

Чойжин ламын сүм музейн захирал, хатагтай Д.Отгонсүрэн нээж хэлсэн үгэндээ “Монголын сүүлчийн хаан, наймдугаар богд Жавзандамбын дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд байгуулсан манай сүмийг 1938 оноос хааж, 1942 оноос музей болгосон, түүнээс хойш өнөөдрийг хүртэл түмэн олондоо үйлчилж байна” гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Үдшийн музейд” арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодод соёл, түүхээ сурталчлах чухал арга хэмжээ гэдгийг онцлоод музейн сүүлийн үеийн технологиудын нэвтрүүлэх ажлыг амжилтай хэрэгжүүлсэн тус музейн хамт олонд баяр хүргэв. Учир нь энэ үдэш хөтөч нар ачаалал багатай байж, үзэгчид үзмэрийн тайлбарыг чихэвчээр сонсонгоо мэлмий баясгасан юм.

Чихэвчтэй үзэгчид, хөгжилтэй хөтлөгчид, амтат ундаа, хөнгөн зууш, жазз хөгжим, хуучин сүмийн анхилуун үнэр энэ бүхэн “Үдшийн музейд” арга хэмжээний хөтөлбөрт багтсан байлаа.

2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд Улаанбаатар чуулга зочилж байсан бол энэ жилийн “Үдшийн музейд” Монгол Улсын Филармонийн Баянмонгол чуулга жазз тоглолтоороо бэлэг барив. Мөн “Цам” үзэсгэлэн, “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг энэ үдэш дэлгэлээ.