С.Эрдэнэ: Хуулийг хөнжилдөө засдаг хүн аливааг засч ярих нь энүүхэнд  байх л даа
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2012.04.04

С.Эрдэнэ: Хуулийг хөнжилдөө засдаг хүн аливааг засч ярих нь энүүхэнд байх л даа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ойрын өдрүүдэд долдугаар сарын 1, эсвэл төмөр замын асуудлаар Ц.Нямдорж сайд удаа дараа мэдэгдэл хийх боллоо. Үүнийг та төрийн түшээгийн хувьд юу гэж харж байгаа вэ?

-Би өнөөдөр Ц.Нямдорж сайдын хийж байгаа хэвлэлийн хурлууд, хэлж ярьж байгаа үгийг нь сонсоод маш их гайхаж байна. Олон жил төр түшилцэж. хэд хэдэн удаа хууль зүйн сайдаар ажиллаж, Монголын хуулийн салбарыг атгачихсан, хууль тогтоох дээд байгууллагыг даргалж байсан хүний амнаас гарахааргүй үг гарч байна. Өнөөдөр ч гэсэн энэ хүн Монгол Улсын Хууль зүйн яамыг толгойлж байгаа. Тэгсэн атал өнөөдөр Монгол Улсад хуульт төр гэж байхгүй, хууль үйлчлэхээ байчихсан мэт ярьж байгаад үнэхээр гайхаж байна. Монгол Улсын Хууль зүйн сайд нь өөрөө ингэж яриад, шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэллээ гээд зарлаад сууж байгааг хараад гайхахаас өөр арга алга. Үүнийг одоо бусад нь юу гэж ойлгож, яаж дүгнэх вэ. Шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэллээ гэдэг нь юу гэсэн үг юм.

Үнэхээр шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхлээд байгаа бол энэ талаар арга хэмжээ авах бүрэн эрх нь Ц.Нямдорж сайдад өөрт нь байгаа шүү дээ. Гэтэл өөрөө ийм зүйл яриад сууж байдаг. Нөгөө талаас түүний амнаас гарч байгаа бүх үг улстөржсөн өнгө аястай байгаад бүр их харамсаж байна. Шулуухан хэлэхэд, Ц.Нямдорж сайдын хуулийг гууль болгодог, хэрхэн мушгин гуйвуулдгийг нь мэдэх хүн хэдэн арваараа л байгаа шүү дээ. Тийм байтал энхийн цагаан тагтаа, алдаа дутагдалгүй хүн байсан юм шиг юм ярьдгаа болих хэрэгтэй.

-Ц.Нямдорж сайд цагдаагийн албан хаагчийг цэргийн гэмт хэрэгтэн болголоо гэж хэлж байсан. Түүнийхээр бол хуульд зааснаар ингэх учиргүй юм биш үү?

-Сүүлийн хэд хоног Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Ц.Нямдорж хоёрын ярьсан хэлснийг дүгнэж үзлээ. УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын Тамгын газраас өгсөн тухайн үеийн УИХ-ын чуулганы протоколыг ч давхар харлаа. Үнэхээр яалт ч байхгүй Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө горимын санал гаргаад, Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлд дотоодын болон цагдаагийн бие бүрэлдэхүүнийг оруулж, хуулийн хариуцлага хүлээлгэж байхаар УИХ-д оруулж, батлуулсан байгаа юм. Тухайн үед УИХ-ын дарга нь Д.Лүндээжанцан байсан байна лээ. Ийм протокол, баримт материал нь архивт байна. УИХ-ын архив гэдэг бол төрийн архив. Түүнээс бус аль хувь хүний өвөрт хадгалагдаж байсан тэмдэглэлийн дэвтрийг аваад түүн дээр бичсэнийг ярьж байгаа юм биш. Ийм бодитой баримттай зүйл байсаар байтал асуудлыг улайм цайм улстөржүүлж тавьж болохгүй шүү дээ. Монголын хуулийн хоёр том салбарыг толгойлж байгаа хүний амнаас гарч байгаа үгнүүд нь хоорондоо алд дэлэм зөрүүтэй байх юм. Д.Дорлигжав прокурор болохоор баримт нотолгоо түшиглэн ярьж байна. Тухайн үеийн УИХ-ын чуулганы протокол, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн зүйл заалтыг иш татаж байгаад ярьж байна лээ. Гэтэл нөгөөдөх нь барин тавин зүйл ярьж, хуульчлагдсан зүйл заалтыг хуульчлаагүй мэтээр ярьж байгаа нь зүйд нийцэж байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Ер нь бол Ц.Нямдорж сайд өөрөө "Хуулийг засна чиг, хасна чиг гэж л ярьдаг хүн шүү дээ. Хуулийг хөнжилдөө засдаг хүн аливааг засч ярих нь энүүхэнд байх л даа

-Шүүхийг захиалгаар шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Энэ хэр үнэний ортой вэ?

-Тэгвэл өнөөдөр Дотоодын цэрэг, цагдаа, хүчний байгууллагын явуулж байгаа үйл ажиллагааг МАН-ын захиалгат үйл ажиллагаа гэж үзэж болох нь л дээ. Тухайл-бал, цагдаагийн хуран-даа нарын үйл явдал, цагдаагийн улстөржсөн аливаа үйл ажиллагааг МАН-ынх гэж ойЛгож болох юм байна,. тийм үү. Ийм байдлаар Монголын төрийг битгий улстөржүүлээд байгаач, төр бол төр л байх ёстой гэдгийг хатуу хэлмээр байна. Төрийн эрх мэдэл дээр сууж байгаа хүн аль нам байхаас үл хамаарч зөвхөн Үндсэн хууль, түүний хүрээнд гарсан хууль, эрхзүйн актуудын хүрээнд л үйлчлэх үүрэгтэй. Тэр битгий хэл Монгол Улсын Үндсэн хуульд "Төрийн бүх шатны байгууллагын удирдлага, түүний албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана" гээд заачихсан байгаа. Үүнээс хальж улстөржөөд байх шаардлага байхгүй. Тэр тусмаа Монгол Улсын Хууль зүйн сайд нь өөрөө хуулийн салбар байгууллагуудаа доош нь хийсэн, гутаасан, үгүйсгэсэн байдлаар хандаж байгааг үнэхээр ойлгохгүй байна. Харамсалтай байна.

-Тэгвэл та цагдаагийн дарга нарын шүүх хурлын талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдөр шүүгдэж байгаа, тухайн үед цагдаагийн бие бүрэлдэхүүнийг шууд удирдлагаар хангаж байсан хүмүүс шүүх хурал дээр хэн үүрэг, даалгавар өгсөн, яагаад цагдаагийн бие бүрэлдэхүүн хүч хэрэглэх, буудах, гал нээх болсон гэдгээ хэлэхгүй байна. Хэрэв эзэн, захиалагчаа ил гаргаад тавьчихвал тэдэнд хариуцлага тооцохгүй байх хуулийн заалт бий. Цэргийн хүн гэдэг утгаараа дээрээс өгсөн тушаал шийдвэрийг биелүүлсэн гэдэг үндэслэлээр тэдгээр хүмүүст ямар нэг ял хариуцлага тооцох ундэслэлгүй болно. Иймбайхад эдгээр этгээдүүд дээрээс хэн нэгэн тушаал өгсөн тухай огт ярихгүй байгаа шүү дээ. Тухайн үед цагдаагийн бие бүрэлдэхүүн гал нээсний улмаас дөрвөн хүний амь эрсэдсэн гэдгийг нь прокурорын байгууллага хөдөлшгүй баримтаар тогтоочихсон. Өнөөдөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Шүүх бүрэлдэхүүнд Монголын цагдаагийн бие бүрэлдэхүүнийг буруутгаж, цагдаа нарыг хэлмэгдүүлэх гээд байгаа зүйл огт байхгүй. Харин тухайн үед цагдаагийн удирдлагаар хангаж байсан хүмүүст хариуцлага хүлээлгэх асуудлыг л хуулийг хүрээнд авч үзэж байгаа болохоос бус хүмүүсийн яриад байгаа шиг жирийн нэг цагдааг хэлмэгдүүлээд байгаа зүйл байхгүй.

-Ц.Нямдорж сайд өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ "Монголын төр 200 жил урд хөршийн хаяанд байгаа. Ялангуяа сүүлийн хорин жил гэсэн байсан. Гэтэл энэ хүн өөрөө тэр 20 жилийн 16-д нь төрийн өндөр дээд албан тушаал хашсан байх юм?

-Төрийн өндөр албан тушаал. ялангуяа хуулийн, улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалж байсан хүн ийм зүйл ярихыг бодоход тийм л байсан юм байлгүй дээ. Би тэгж л ойлгож байна. Ялангуяа сүүлийн 20 жил гадных-ны эрхшээлд байсан юм байлгүй. Энэ салбарын толгойлдог хүн нь ингэж ярьж байхад мань мэт нь үүнийг үгүйсгээд яахав дээ. Миний ойлгоцоор Оросын эсвэл өөр аль нэг улсын эрхшээлд л байсан юм байна. Тэдний дохио заавраар хөдөлдөг байж. Ц.Нямдорж ч гэсэн өндөр албан тушаалд байсан юм чинь, тэдний л дохио заавраар хөдөлдөг байсан байж таарах нь. Үүнийг өөрөөр ойлгох ямар ч үндэслэл харагдахгүй байна. Уг нь би ойлгохдоо харин ч эсрэгээр ойлгож байлаа. Коммунизмын 70 жилд манай улс тухайн үеийн ЗХУ, түүний эрхшээлд байсан. Энэ хугацаанд манай төрийн олон сайхан лидерүүдийг дуртай үедээ Москвад аваачиж цаазалдаг байсан. Монголын эдийн засаг, бүхий л бодлогыг оросууд заадаг, зурдаг байлаа. Энэ бол түүхэн бодит үнэн. Түүнээс өмнө Манжийн эрхшээлд байсан. Эдгээр түүхэн үнэнийг би хэзээ ч үгүйсгэхгүй. Харин сүүлийн 20 жилд бид ямар ч байсан малаа, хүнээ, эдийн засгийн бодлогоо хэрхэн хөгжүүлэх талаар бие дааж шийдвэр гаргах эрхтэй, тусгаар тогтносон Монгол Улс болж чадсан гэж би ойлгодог.

-Салбарын сайд асан Х.Баттулга, Ц.Нямдорж сайд нар төмөр зам барих асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд хурц мэдэгдлүүдийг хийгээд байгаа. Энэ хоёр хүний аль нь үнэн яриад байгаа юм бол. Та юу гэж бодож байна вэ?

-Улс орны хэмжээний ийм том бодлогыг улстөржүүлээд байх шаардлага байхгүй. МАН бол утгагүй л үйлдэл хийж байгаа байхгүй юу. Өөрсдөө төмөр замын бодлогыг баталсан. Өөрөөр хэлбэл, энэ бодлого хэрэгжих хууль эрхзүйн орчин нь бүрдчихсэн байгаа. Гэтэл ажлаа хийхгүй, эхлүүлэхгүй байна. X Баттулга гишүүн бодлого нь батлагдчихсан атал ажил нь явахгүй байна гэж бодит үнэнийг хэлж байгаа. Харин нөгөөх нь өөр зүйл ярьж байна. Ер нь аливаа зүйлд гэм хийсэн хүн л өөрийгөө өмөөрдөг шүү дээ. Баталсан бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаагаа цайруулж, иргэд олон нийтийн өмнө буруугүй мэт харагдахын тулд яаран, сандран янз бүрийн мэдэгдэл хийгээд байх юм. Нөгөө махны хулгайчийн онигоо байдаг даа, "Юун гуя" гэдэг шиг л зүйл болоод байна даа.

-Х.Баттулга сайдыг нууц гэрээ байгуулсан гэж хэвлэлээр нэлээд шуугьсан...

-1000 гаруй км замыг нууц гэрээгээр барьчихдаг юм гэж юу байх вэ. За яахав, сая тонн нүүрс эсвэл төмрийн хүдрийн гэрээг нууцаар хийж, түү-нийг нь зөөж болно. Ерөөс энэ бол эрх баригч намынхны хийж сурсан ажил нь. Бүр гаршчихсан ажил нь шүү дээ. Өнөөдөр Таван толгой, Оюу толгой гээд л яриад байна. Наана нь харагдаж байгаа нь л энэ болохоос өөр мэдэгдэхгүй өчнөөн олон ордыг гадагш нь зөөгөөд дуусгаж байгаа нөхдүүд. Харин түүний хажууд төмөр зам гэдэг хүний нүдэнд харагддаг, бодит бүтээн байгуулалт. Тэр ч бүү хэл 1000 км зам гэж байгаа. Одоо манайд байгаа төмөр замын урт 1000 км шүү дээ. Ийм хэмжээний замыг хулгайгаар барина гэдгийг ойлгохгүй байна. Хоёрдугаарт, нууц гээд байгааг бичиг баримтыг харсан. Үнэхээр инээдтэй, хоёр санамж бичиг л байна лээ. Байдаг л, ердийн л нэг гэрээ. Улс орны аюулгүй байдалд харшлаад байх юу ч байхгүй л юм билээ.

-Ер нь Ц.Нямдорж сайдыг ингэж их сандарч, элдэв мэдэгдлийг удаа дараа хийгээд байгаа нь ямар учиртай юм бол оо...

-Би хардаж байгаа, Ц.Нямдоржид эдийн засгийн болон улс төрийн асар том ашиг сонирхол байна гэж. Энэ хүн яг ямар ашиг сонирхолтой болоод ингэж бачимдаж, уурлаж, дэвхцэж гүйгээд байгаа нь ойлгомжгүй байна. Үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ үүний ард асар том ашиг сонирхол байна гэдэг нь хэний ч нүдэнд ил байгаа л даа

-Яг ямар сонирхол гэж?

-Уг нь бол энэ хүний өөрийнх нь хувийн амьдрал их л хүнд юм гэнэ лээ ш дээ. Хөлсний байранд амьдардаг, цалин орлого нь арай хийж хүрдэг гээд л бэрхшээлтэй л юмыг өөрөө ярьдаг юм байна лээ. Гэхдээ нөгөө талаас нь харах юм бол Ц.Нямдорж сайд шиг баян хүн Монголд байгаа юм уу. Өчнөөн олон хаус, хувийн орон сууц, байртай. Бас Таван толгой, Оюу толгой чиглэл рүү Ц.Нямдоржийн 200, 300 машин тээвэрлэлтэд явж байдаг гэж дуулсан юм байна. Үнэн ч юм уу, худал юм уу, бүү мэд. Хүмүүс тэгж л ярих юм билээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.