Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ
2018.09.11

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэлээ

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Өнөө жил Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх 23 дахь, хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 81 дэх жил тохиож байна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс болон нийслэл, дүүргүүдийн салбар комиссууд хамтран өнөөдөр Сонгинохайрхан уулын бэлд байрлах Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Уг арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хариуцан жил бүр зохион байгуулж, улс, нийслэл дүүргүүдийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссууд оролцож, ийнхүү өглөөний наран мандах 09:00 цагт Монгол улсын Хүндэт харуул жагсч, үлээвэр хөгжим гашуудлын ая эгшиглүүлэн эхлүүлж, цугласан олон мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөснөөр өндөрлөдөг юм. Үүний зэрэгцээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, халуун амиа алдсан мянга мянган хэлмэгдэгсэдээ дурсан хүндэтгэж, Сонгинохайрхан дүүргийн буддын сүм хийдийн лам хуваргууд ном хурдаг уламжлал тогтсон юм.

                Энэ жилийн цэцэг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дэд дарга, бодлого үйл ажиллагааны менежер Б.Саруул тэргүүтэй төлөөллүүд болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын Нарийн бичгийн дарга П.Нарандалай, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Захиргаа бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Мөнхцэцэг, Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Ажлын албаны дарга Д.Азжаргал, Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлалын штабын дарга Бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч Ж.Баясгалан, 150 дугаар ангийн захирагч хурандаа С.Болдбаатар, 011 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Жамбалжамц, 013 дугаар ангийн Штабын дарга Б.Заяат болон бусад албаны хүмүүс, хэлмэгдэгсдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.