Ж.Сүхбаатар: Цахим үнэмлэх тараах, сонгууль хоёр зэрэгцэж буй нь санаа зовоож байна
2012.03.19

Ж.Сүхбаатар: Цахим үнэмлэх тараах, сонгууль хоёр зэрэгцэж буй нь санаа зовоож байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та өнөөдөр УИХ-д даргад өргөн барих гэж байсан хуулийн төслөө яагаад хойшлуулав?
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа. Энэ асуудлыг шийдэхийн тулд зарим талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гардаг. Үүнийг маш нухацтай судалж байж, ул суурьтай хандах ёстой. Тиймээс энэ удаад Засгийн газрын тухай хуульдаа Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс илүүгүй хувь нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт оруулах замаар асуудлаа шийдээд явъя гэдэг дээр хуулийн төсөл санаачилсан хүмүүс нэгдсэн ойлголтод хүрсэн. Хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барихад үндсэндээ бэлэн болчихсон байгаа. Харин яг одоохондоо УИХ-ын дарга болон холбогдох бусад албаны хүмүүс орон нутагт ажиллаж байгаа учраас түр хойшлуулж байна. Энэ өөрчлөлтийг яаралтай батлуулах нь ирэх сонгуулийн дараанаас мөрдөөд эхлэх ач холбогдолтой юм. Гол зорилго нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг оновчтой, тэнцвэртэй, хяналттай, зөв явуулахад оршиж байгаа.

-Хоёр намын бүлэг Орон нутгийн сонгуулийн хуульд дээр тохиролцож чадахгүй бол яах вэ?

-Би шулуухан хэлж байгаа. Энэ хуульд заавал өөрчлөлт оруулах ёстой. Хэрэв Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулна гэсэн заалтыг энэ чигээр нь үлдээх юм бол бүр завхарсан юм болно. Яагаад гэвэл, нэг нь ажлын өдөр, нөгөө нь амралтын өдөр явахаар байгаа. Мөн сонгуулийн хэсгийн хороод нь бүгд тусдаа. Энэ бүтцийг байгуулах эрх бүхий байгууллага нь ч өөр. Дээр нь сонгууль явуулах хэлбэр нь нэг нь автомат хэлбэрээр, нөгөө нь энгийн гээд асар олон ялгаа бий. Байр савны асуудлыг яаж ийгээд шийдлээ гэхэд сонгууль явах хугацаа сунахаас аргагүйд хүрнэ. Санал авах хугацааг тасалбар болгох, тоолох гээд бүгд тусдаа ажил учраас хамт явуулах ямар ч боломж байхгүй.

-Хоёр сонгуулийг 1990 онд хамт явуулж байсан туршлага бий гэж зарим хүн яриад байгаа?

-Тухайн үед одоогийнх шиг бүтэц байгаагүй. Шилжилтийн үеийн төрийн байгууллагатай байсан шүү дээ. Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын их хурал, доод байгууллага нь Ардын депутатуудын хурал байсан. Тэр бол нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо биш. Одоо Монголд хууль тогтоодог ганц л байгууллага байгаа. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бол 1992 оны шинэ Үндсэн хуулиар бий болсон. Тиймээс тэр бол огт утгагүй, өнөөгийн сонгуультай хамаарахгүй асуудал.

-Сонгуулийн тухай хууль дээр Дээд шүүх тайлбар өгөөгүй нь ямар учиртай юм бол?

-Сонгуулийн ерөнхий хороо хэд хэдэн заалт дээр Дээд шүүхээс тайлбар хүссэн. Харин Дээд шүүх асуудал үүсээгүй байхад хууль тайлбарлах нь буруу гэж үзсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх хууль тайлбарлах байдлаар хууль тогтоогоод байгаа юм шиг харагдах нь буруу гэж үзэж л дээ. Нэгэнт тэр хуулийг хэрэглэх явцад маргаантай асуудал үүсээгүй байхад тайлбарлах нь зохимжгүй гэдэг байдлаар хариу өгсөн юм шиг байна. Ер нь хууль тогтоох явцад тодорхойгүй нэр томъёо гардаг л даа. Үүнийг хуулийн шударга ёсны зарчимдаа тааруулаад зөв хэрэглээд явж болдог. Харин шийдэж болохгүй маргаан үүссэн тохиолдолд Дээд шүүх ч юм уу, хандах ёстой газар нь хандах нь зөв л дөө.

-Цахим үнэмлэх хугацаандаа амжих болов уу?

-Ажлын явцын талаар энэ ажлыг хариуцаж байгаа ХЗДХЯ-наас байнга мэдээлэл авч байгаа. Энд нэг санаа зовоож байгаа асуудал нь сонгуулийн ажил эхлээд ид өрнөж байхад үнэмлэх тараах ажил зэрэгцээд бас явж байх юм билээ. Одоо хаврын чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооноос саналыг нь аваад сонгууль явуулах товыг буюу хэзээ эхэлж, хэзээ дуусах, хэдэн сарын хэдэнд санал авахыг тодорхой зарлана. Энэ товыг зарлахдаа цаг хугацааны шахуу байдлыг бас харгалзаж үзэх хэрэгтэй байх. Манай байнгын хороо хуралдаан бүр дээрээ цахим үнэмлэхтэй холбоотой мэдээллийг сонсож, хэлэлцээд явна.

-Автомат машин худалдаж авах, программ зохиох ажлыг ямар ч тендергүйгээр “Бодь интернэйшнл” компанид өгснийг Ц.Шинэбаяр гишүүн хууль бус гэж үзээд шалгуулахаар болсон. Энэ асуудал юу болж байгаа вэ?

-Уг ажилд шаардлагатай 30 тэрбум төгрөгийн санхүүжилтийг сая төсвийн тодотголоор шийдэж өгсөн. Ингэж шийдэхдээ Засгийн газрын ажлын хэсэг холбогдох гэрээг шууд байгуулаад явахаар зохицуулсан. Зарим тохиолдолд Засгийн газарт ийм эрх байж болдог. Яг ямар үндэслэлээр хууль бус гэж үзэж байгаа талаар би гүйцэд мэдээлэл аваагүй байна. Шинэбаяр гишүүн асуудал тавих нь тавьсан. Албан бичиг нь дөнгөж өнөөдөр л надад ирж байна. Засгийн газраас нэмэлт мэдээллийг тодруулж асууна. Шалгах газар нь шалгаад тодорхой хариуг нь өгөх байх.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.