Н.Энхболд: Тэтгэвэр, тэтгэмж 180-190 мянган төгрөг болж нэмэгдэнэ
Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хууль үйлчлэх хугацааг тавдугаар сарын 1 болгон баталсан. Ингэснээр одоогийн УИХ-ын гишүүд болон сонгуульд нэр дэвшигчид ч энэхүү хууль үйлчлэхээр болсон юм. Ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар УИХ-ын дэд дарга Н.Энхболдоос дараах асуултад хариулт авлаа.
-Ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас чухлыг нь дурдвал?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар нийт тэтгэврийн насны иргэдийн 75 хувь буюу 160 гаруй мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах үндэс тавигдсан. Шүүхийн шинэчлэлийн багц хуулийг баталж, шүүхийн хараат бус, ил тод ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүллээ. Түүнчлэн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, баталснаар уг хууль УИХ-ын сонгуулийн өмнө буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болсон.
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хэлэлцэж амжсангүй. Хаврын чуулганаар хэлэлцэж амжих уу?
-Орон нутгийн хурлын сонгуулийн талаар хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ. Хоёр сонгуулийг хамт явуулах эсэх нь чухал биш. Харин орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог шинэчлэх нь чухал байгаа юм. Тиймээс МАН-ын зүгээс санал санаачилга гаргасан. Энэ нь УИХ-ын сонгуулийн хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэсэн санал. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэж, ямар нэг шийдвэр гаргасны дараа Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын тогтолцоог шинэчилсэн байдлаар сонгууль явуулах нь зүйтэй юм.
-Орон нутгийн хурлын сонгууль ямар байдлаар явах вэ?
-Ээлжит бус чуулганаар намын бүлгүүд хэлэлцээд нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй учраас одоогийн хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн тухай хуулиар явагдана. Үүгээр бол хоёр сонгууль хамтдаа явагдах болж байна. Хэрэв энэ чигээрээ явбал асуудал их гарна. Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн саналыг автоматаар тоолох бол Орон нутгийн хурлын сонгуулийн саналыг гараар тоолохоор байгаа. Нэг нь амралтын өдөр явагдахаар нөгөө нь ажлын өдөр явагдахаар заагдсан. Хамгийн чухал нь санал„ авах хугацааны хувьд УИХ-ын сонгуулийх 20 цагт, орон нутгийнх 22 цагт дуусахаар байгаа нь санал авах байр нэг байж болохгүйд хүрч байгаа.