Н.Энхболд: Санал асуулга явуулахыг АН-ын бүлэг ерөнхийдөө дэмжсэн
УИХ-ын дэд дарга Н.Энхболд
2012.03.13

Н.Энхболд: Санал асуулга явуулахыг АН-ын бүлэг ерөнхийдөө дэмжсэн

УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Д.Балдан-Очир болон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар УИХ-ын ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ээлжит бус чуулганы хугацаанд бие даасан гурван хууль, 10 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, зүйл заалт хүчингүйд тооцох тухай гурван хууль гээд нийт арван зургаан хууль батлан гаргасан бол УИХ-ын тогтоол гурвыг гаргажээ. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Нийт тэтгэврийн насны иргэдийн 75 хувь буюу 160 гаруй мянган ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгах тухай Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан, шүүхийн шинэчлэлийн багц хуулийг баталж, шүүхийн болон шүүгч, хуульчдын хараат бус, ил тод ажиллах нөхцлийг хангах эрх зүйн орчныг бүрдүүллээ.

Үүгээр зогсохгүй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, баталснаар уг хууль УИХ-ын сонгуулийн өмнөөс буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэлээ. Тэтгэвэр тэтгэмжийн хувьд тэтгэврийн доод хэмжээ 105 мянган төгрөг байгаа бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс 35 мянган төгрөгөөр нэмэгдэх бол ирэх тавдугаар сарын 1-нээс 23 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 180-190 мянган болно хэмээн тооцоолсон байна.

Үүнд шаардлагатай 67 орчим тэрбум төгрөгийг Монгол Улсын 2012 оны төсөвт тусгажээ. Харин ээлжит бус чуулганаар Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй, хаврын чуулганы эхэнд ярилцахаар болсон. Энэ талаар УИХ-ны дэд дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль ямар байдлаар явах вэ?

-Одоо хүчин төгөлдөр байгаа хуулиар хоёр сонгууль хамт явахаар байгаа. Гэхдээ яг үг үсгийг нь хөөгөөд ирэхээр төвөгтэй зүйлүүд бий.  Бидний баталсан УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар сонгууль 6 дугаар сарын сүүлийн долоо хоногийн аль нэг ажлын өдөр болно. Гэтэл одоо мөрдөж байгаа Орон нутгийн сонгуулийг хамт явуулах хуулийн заалтаар ням гариг гэж заасан. Үүнээс эхлээд заавал эргэж ярих асуудал гарна. Түүнээс гадна 2008 онд орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон цагаас хойш нөхцөл байдал нэлээн өөрчлөгдсөн.

Тухайлбал: УИХ-ын сонгуулийн тухай хуульд зохион байгуулалтын хувьд ч, тавьж байгаа шаардлагын хувьд ч шинэ зохицуулалт их орсон. Энэ дотроос ямар ч маргаангүй Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмж оруулах олон заалт бий. Энэ дээр бид санал нэг байгаа.  Мөнгө хөрөнгөнөөс хол байлгах, зохион байгуулалтыг нь нарийн боловсронгуй болгох, машинаар тоолох, үр дүнг маргаангүй хүлээж авах гэх мэт. Орон нутгийн сонгуулийн тухай хоёр хуулийн төсөл өргөн бариад байна. Тэр төслүүдээс аль алинаас нь авах боломжтой олон заалт бий. Ганц асуудал сонгууль явуулах хугацаа. Нэг өдөр явуулна гэхээр их олон төвөгтэй зүйлүүд гарна. Эцсийн дүнд сонгуулийн дүнд гарах ажил хүндрэх, будлиантах, олон газар маргаан гарвал яах вэ гэдгээс эхлээд бодмоор зүйл  их бий.

Сая зөвшилцөх явцад аль аль талаасаа ойлгож ирсэн. Эцсийн дүнд хойш тавьчихаад байгаа. Ямар ч байсан дахиж авч хэлэлцэх шаардлагатай байх. Хугацааны хувьд Орон нутгийн сонгууль намар хийхээр болох юм бол энэ хооронд хийж амжуулах зүйлүүд бий гэдгийг сая зөвшицлийн үед ярьсан. Ер нь орон нутгийн өөрөө удирдах тогтолцоог боловсронгуй болгохоор олон жил ярьж байгаа. Сүүлийн үед УИХ-ын нэлээн олон гишүүн өргөн мэдүүлсэн хуулийн зарим зүйл заалтуудыг нэг мөр шийдье. гэхээр Үндсэн хуульд зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тусгайлсан  журмаар явуулдаг. Тэр нь бас хуулиар батлагдсан.  

Бас амар процедуртай биш. “Энэ чуулганы хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулъя. Ингээд намар тэр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөө ч тэр, бусад хуульд оруулах өөрчлөлтөө ч оруулж байгаад Орон нутгийн тогтолцоог боловсронгуй болгож аваад тэрэндээ тохирсон  сонгуулиа явуулбал яасан юм бэ” гэсэн саналыг МАН-ын бүлгээс гаргасан. АН-ын бүлэг байж болох санал гэж ярьсан байна билээ. Ийм байдлаар энэ асуудал хойшлоод байгаа. Уг нь ингэж шийдвэл зөвхөн хоёр сонгуулийг хамт явуулах асуудлыг биш, нэлээн хэдэн жил яригдаж байгаа зарим зүйлүүдийг боловсронгуй болгоод авах бололцоо бүрдэх юм.

-АН-ын бүлэг зөвшөөрсөн гэж ойлгож болох уу?

-Манай намын бүлгийн саналыг ерөнхийд нь зөвшөөрлөө гэж ойлгож байгаа.  АН-ын бүлгээс зөвхөн удирдлагын хүрээнд шийдэхэд бэрх байна. Орон нутгаас санал авах хэрэгтэй байна гэсэн. Бидний ойлгосноор орон нутаг дахь намын төлөөлөл, удирдлагууд хамт явуулах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм билээ. Чухам ямар учир шалтгааны улмаас хамт явуулах гэж шийдсэнийг бид мэдэхгүй.

Ажлын хэсэг дээр зөвшилцөхдөө хамт явуулах нь нэлээн төвөгтэй гэдгийг нэлээн сайн ойлголцсон. Би энэ асуудлыг нэгмөсөн хойшлууллаа гэж бодохгүй байна. Хаврын чуулганы эхэнд заавал ярих ёстой.  Хугацаагаа тохирч чаддаггүй юмаа гэхэд Орон нутгийн сонгуулийн хуульд оруулах олон дэвшилттэй өөрчлөлтүүдээ оруулах хэрэгтэй гэж бодож байна. Энэ асуудлыг ярихгүй бол энэ  заалтууд орохгүй үлдчих гээд байгаа юм.  

-Нэр дэвшихэд бэрхшээл үүсэх үү?

-Сая гарсан хуулиар гэхэд орон нутгийн сонгуульд оролцъё гэж бодож байгаа хүн ч гэсэн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажил төрлөө зохицуулсан байх ёстой. Гэтэл сонгуульд оролцъё гэсэн олон  хүн хууль яах бол гэж хүлээсээр байгаад хоцорсон. Намаас нь ч дэвшүүлье, өөрөө ч дэвшье гэж байсан нэлээд олон хүн сонгуульд оролцох боломжгүй болох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.