Г.Баярсайхан:МАН-ынханд ард түмний 130 сая төгрөг юу ч биш юм байна л даа
2012.03.13

Г.Баярсайхан:МАН-ынханд ард түмний 130 сая төгрөг юу ч биш юм байна л даа

-Сонгуулийн бохир технологи ашиглан ялалт байгуулах сонирхолдоо хөтлөгдөн хуулийн төслийг гацаанд оруулж байна-

УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах талаар АН санал гаргасан ч парламент дахь олонхын бүлэг хүлээн зөвшөөрөөгүйгээс Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл гацаанд оров. Энэхүү хуулийг намрын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч хоёр намын бүлэг ханцуй дотроо тохиролцож чадаагүй тул ээлжит бус чуулган зарлан хуралдууллаа. Гэвч мөн л нэгдсэн байр сууринд хүрээгүй, зарчмын зөрүүтэй санал олон байна гэсэн шалтгаанаар хаврынхад үлдээв. Дээрх хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.

-Хоёр намын бүлэг хоёр сонгуулийг нэг дор, тусад нь гэж маргасаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг баталж чадсангүй. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох тухай хуулийн төсөл ээлжит бус чуулганаар батлагдах ёстой байсан ч гацаанд орчихлоо. Миний хувьд бүлгийн байр суурьтайгаа ижил саналтай яваа. Тодруулбал, парламентын болон орон нутгийн сонгуулийг нэг дор, зэрэг явуулах илүү оновчтой гэж үзэж байна. Учир нь, хоёр салгаж явуулбал хөрөнгө мөнгө маш их зарлагадах юм. Өнөөдөр төсвөө хэмнэхгүйгээр үрэлгэн хандаж байна гэсэн шүүмжлэл гарч байгаа шүү дээ. Тиймээс зэрэг явуулчихвал чамгүй хөрөнгө хэмнэх боломжтой. Зохион байгуулалтыг нь ч хийхэд ямар ч саадгүй.

-Яагаад?

-Ер нь, аль ч сонгууль будлиангүй, цэвэр тунгалаг, ардчилсан зарчмаар явагдах ёстой. Ийм болгох гол тулгуур нь иргэний ухаалаг үнэмлэх буюу цахим паспорт юм. Иргэд, сонгогчдын үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлснээр нөгөө будлиан гардаг зүйл алга болох учиртай. Өөрөөр хэлбэл, царцааны нүүдэл, давхар санал өгөх асуудал үгүй болно. Санал тоолох машиныг нь ч оруулаад ирсэн болохоор буруу зөв тооллоо гэсэн маргаан үүсэхгүй. Ерөнхийдөө тэрхүү төхөөрөмжид долоон тэрбум хүний гарын хээ давхардахгүйгээр орох боломжтой учир ямар нэгэн зөрчил гарахгүй юм.

-МАН-ынхан хоёр сонгуулийг хамтад нь явуулах хөрөнгө, хүч бололцоо байхгүй гээд буй?

-Тус намынхан иймэрхүү зүйл яриад л байгаа. Яахав ямар нэгэн зүйл бодож төлөвлөсөн учраас түүнийгээ хэрэгжүүлэх гэсэн л санаа байх.

-Саяхан ээлжит бус чуулганаар асуудлыг хэлэлцэх үед ардын намын түшээд нэг их хөрөнгө хэмнэж шалихгүй юм чинь тусад нь явуулах хэрэгтэй хэмээн хэлж байсан?

-Тэдний хувьд 130 сая төгрөг юу ч биш байна л даа. Харин бидний хувьд өөр өнцгөөс харж байгаа. Ардын намын түшээдэд дээрх хэмжээний хөрөнгө бага гэж ойлголоо. Манай намынханд бол маш их мөнгө шүү. Ер нь, төрийн нэг ширхэг зоос ч үнэ цэнэтэй байх ёстой. Ямар ч тохиолдолд хараа хяналт нь хатуу чанга байж, ашиггүй зүйлд илүү зардал гаргаад байж болохгүй. Хоёр сонгуулиа "хамтад нь явуулчихвал чамгүй зоос авдрандаа хадгалж үлдэнэ шүү дээ.

-Олонхын бүлэг эсэргүүцээд байгаа болохоор батлагдахгүй болов уу. Учир нь, олны хүчээ ашиглах байх?

-Магадгүй л юм. Энэ асуудал дээр хойрго хандаад байгаагийн учир нь тодорхой шүү дээ. Олон жил, цөөнгүй сонгууль дээр бохир технологи ашиглан ялалт байгуулж байсан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Ярьсаар байгаа зүйл. Тиймээс энэ удаад ч хуучнаараа зохион байгуулбал ялчихна гэсэн бодолтой суугаа биз. Ийм л башир арга сэтгэсэн болохоор хойш чангаан хууль төрөх хугацааг сунжруулсаар байна. Сонгуулийн бохир технологи ашиглан ялалт байгуулах сонирхолдоо хөтлөгдөн хуулийн төслийг гацаанд оруулж байх шиг.

-Сонгуулийг нэгтгэн явуулбал хөл толгойгоо алдтал булхай луйвар үүснэ гэсэн тайлбар ч хэлэх болж?

-Тийм зүйл огт үүсэхгүй. Харин ч эсрэгээрээ байх болно. Яагаад гэвэл иргэний цахим үнэмлэх, хурууны хээгээр санал өгөх тул давхардах, дахин өгөх боломжгүй. Хэрэв салгаж, хуучнаар зохион байгуулах юм бол өнөө булхай будлиан үүсч, ард түмний сонголт үнэгүйдэж мэднэ. ёстой айхтар мундаг хакерууд нь орж ирээд довтлохгүй л юм бол маргаан үүсэхгүй. Тэгээд ч төрийнхөө эсрэг гэмт хэрэг хийх хүн олдохгүй л болов уу гэж бодож байна.

-Намрынхаар шийдэх ёстой байсан ч дийлэлгүй сунгаж хуралдлаа. Гэвч үр дүн гарсангүй тул хаврынхаар хэлэлцье гээд хойшлуулах шийдэлд хүрсэн. Магадгүй баталлаа гэж бодоход хуулийн хугацаанд багтаж чадахгүй нөхцөл бүрдчихлээ шүү дээ?

-Ийм асуудал үүсчихээд л байна. Ямар нэгэн аргаар асуудлыг будлиантуулж, хойшлуулж, чангаах үйлдэл л хийгээд байх шиг. Уг нь, УИХ-ын сонгуультайгаа хамт явуулчихвал их л сайн байгаа юм. Ингээд сунжирч удаашраад байвал хамт зохион байгуулах нөхцөл боломж нь улам л хумигдах байх даа. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал улам л ээдрээтэй болоод байна гэж л харж сууна. Хуулийн хугацаанд багтлаа гэж тооцвол Үндсэн хуульд нийцсэн, уначихгүй байх л заалт оруулах хэрэгтэй.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.