Г.Баярсайхан: Завсарлагыг цаг хугацаатай болгох нь ардчиллыг булшлах алхам
2012.03.14

Г.Баярсайхан: Завсарлагыг цаг хугацаатай болгох нь ардчиллыг булшлах алхам


УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.
-УИХ-ын болон орон нут­гийн сонгуулийг тусад нь явуулах нь тодорхой бол­чихлоо. Танай намынхан дот­роо тохиролцсон ч яг цаг нь тулахаар байр суу­ринаасаа буцацгаасан гэв үү?

-Хуулийнхаа дагуу сон­гуу­лийг хамт явуулах нь тодорхой. Манай намаас илүү МАН тодорхой зүйл байсаар байтал эргэж буцаад, тусад нь явуулна гээд байдаг нь сонин байгаа юм.

-Юу нь сонин гэж?

-МАН-ынханд ашиггүй хувилбар болчихоор тэгж бай­гаа юм. Сонгуулийг хамтад  нь явуулбал тэд ялагдах нь тодорхой. Тиймээс орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуулиас тусад нь явуулж, нөгөө л “царцааны нүүдлээ” хийх гэж байгаа болов уу.

Надад бол тийм л хар төрж байна.

Хамгийн энгийнээр ха­рахад МАН орон нутгийн сонгуульд 20 жил ялж, Улаанбаатар хотыг дэлхийн хамгийн бохир хотоор шал­гарууллаа. Ийм ажил хий­чи­хээд, одоо дахиад “цар­цаа­ны нүүдэл”, сонгуулийн бохир технологи хэрэглэх гээд байх юм. Цахим үнэмлэхтэй, авто­мат тоологчтойгоор хоёр сон­гуулиа хамт хийчихвэл хэл ам ч бага, долоодугаар са­рын нэгэн шиг үйл явдал ч гарахгүй гэж бодож сууна.

-МАН ялагдахгүйн тулд тусад нь явуулна гэж бай­гаатай адил АН ч гэсэн ялахын тулд хамт зохион бай­гуулна гэж зүтгээд бай­гаа юм биш үү?

-Төрийн сонгуулийг ил тод, ардчилалтай, саналыг шударга тоолуулахын төлөө л энэ зүйлийг ярьж, хийхийг хүссэн. Төрийн мөнгийг хэм­нэнэ. Мөн ард түмнийг бүтэн жил сонгуулиар амьс­галуулж байхаар бү­тээлч хөдөлмөрийн төлөө сон­гуулийг хамт хийе гэсэн.

-Эрх баригчид өөрсдөдөө л ашигтай хууль дүрэм бат­лаад байгааг УИХ-д суу­далгүй намынхан байнга хэлдэг. Сонгуулийн хууль, одоо автомат тоологч гээд олон асуудал та нөхдөд л ашигтай юм биш үү?

-Хувилагч машинаар сон­гуулийн санал тоолох гэж байсныг манай намынхан бо­лиулж, дэлхийн хамгийн шилдэг машин оруулж ир гэж хэлж байсан.
УИХ-д суудалтай на­мууд, түүний гадна байгаа намуудын аливааг харах өнцөг нь өөр л дөө. Бид Сон­гуулийн шинэ хуулин дээр нэлээд хүчин чармайлт гаргаж, батлуулсан. Про­порциональ элемент оруулс­наар Монголын улстөрийг УИХ-ын болон  гудамжны гээд байдаг асуудлыг болиу­лахыг хичээж байна. МАХН нь ч бай, өөр бусад нь ч байг хамаагүй УИХ-д ороод ирэг. Өөрөөр хэлбэл гудамжинд жагсаал, цуглаан хийж байс­наас УИХ дээрээ соёлтой улс­төр хийх нь зөв. Хүнд хардах эрх байдаг. Түүн шиг улстөрийн намд ч хар­дах эрх нь байгаа байх.

-Саналыг машинаар тоолж, хяналтын камер ашиг­­­лаад ч нэмэр гарах уу. Хууль чангарах тусам хул­гайчийн арга нарийсна гэдэг дээ?

-Улам чангараад, тэдэнд бо­ломж олгохгүй, орон зай­гүй л болгоё.

-Ардчиллын 20 гаруй жи­лийн хугацаанд ард тү­мэн сонгуульд санал өгөөд сур­чих­лаа. Харин улс­төрчид нь сураагүй байгаа юм биш үү?

-Манай АН сонгуулийг улам  боловсронгуй, тунгалаг, нээлттэй болгохын төлөө байр сууриа илэрхийлж ир­сэн. Хэрвээ манай намын байр суурь хатуу байгаагүй бол ирэх сонгуулийг га­раар тоолох байсан. Бид өнөө­­дөр байр сууриа хатуу илэр­хийлж, түүнийхээ төлөө бай­сандаа цахим үнэмлэхний асуудлыг Н.Алтанхуяг дарга хариуцаж байх үедээ бараг бэлэн болгоод өгсөн. Цаашид ард иргэдэд хүндрэл, чирэг­дэл багатай олгох арга хэл­­бэрийг МАН-ынхан ха­риуцаж байгаа. Бид цөөнх болж, хүч­тэй сөрөг хүчин болсон. Тий­мээс УИХ, орон нутгийн сон­гуулийг цуг явуулах, цахим үнэмлэх, автомат машиныг сонгуульд ашиглахыг шаар­дана. Монголын ард түмэнд өөрсдийнхөө шилдэг охид, хөвгүүдээ хүссэнээрээ, үнэ­лэм­жээрээ сонгох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажил­лана.

-Цахим үнэмлэхний асуу­дал нэлээд хүндрэл да­гуулах юм байгаа. Сонгуу­лиас өмнө иргэн бүр авч амжих уу?

-Манай намын дарга Н.Алтанхуяг Тэргүүн ша­дар сайд байхдаа ца­хим үнэм­лэхний ажлын 99 хувийг хий­чихээд, хоёр­дугаар сарын нэгэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Одоо МАН хүсэл эр­мэл­зэл л байвал ямар ч саад­гүйгээр хугацаанд нь ажлаа дуусгаж болно гэж бодож байна.

-Хэн хэнд нь хичнээн хү­сэл эрмэлзэл байгаа ч сон­гуулийн саналын тоо бо­догдож, харагдаж л байгаа даа?

-МАН-ынхан цахим үнэм­­лэхийг цаг хугацаанд ам­­жуулахааргүй юм яриад эхэлсэн байна лээ. Нөгөө царцааны нүүдлээ л хийх гээд байгаа юм. Байгаль ертөнцөд долоон миллиард хүний хурууны хээ хэзээ ч, хаана ч давтагдахгүй. Тэ­гэхээр хурууны хээ буюу ца­­­хим үнэмлэхээр санал авахаар дахин царцааны нүүдэл гэсэн асуудал байхгүй болно. Тийм нарийн хяналттай болгохгүйн тулд АН-ын аж­­лын хариуцлагагүйгээс болж, бид цахим үнэмлэхээ хуга­цаанд нь үйлдвэрлэж чадсангүй л гэж хэлэх гээд байгаа.

-Үнэхээр цахим үнэм­лэхийг сонгуулиас өмнө та­рааж чадахгүй бол яах вэ?

-Бүхэл бүтэн улс байна даа, орон нутагт ч төрийн ап­парат ажиллаж байгаа. Зөвхөн тухайн үнэмлэхээр нь 21 мянган төгрөгийг та­раана гэдэг ажил зохион бай­гуулбал хүн бүр л авна шүү дээ. Сонгуулийн өмнө ямар ч асуудалгүйгээр амжина.

-Та АН хүчтэй сөрөг хү­чин болж, шаардаж байна гээд байх юм. Шаардах биш завсарлагаар шантаажлаад байдаг юм биш үү?

-Завсарлага  гэдэг олон­хын дарангуйлал, түрэм­гийллийг зогсоох ардчиллын дэлхий нийтэд хүлээн зөв­шөөрөгдсөн арга. Бид пар­ламентын засаглалтай. Пар­ламентын нэг хэлбэр. Бид цөөнх учраас ард түмний эрх ашигт нийцэхгүй байгаа зүйл дээр дуу хоолойгоо хэлж байна. Хэрвээ дуу хоолой маань тэдэнд хүрэхгүй бол завсарлага авах нь бидний зөв.

-Гэхдээ хуулинд завсар­лага авч болно гэсэн ч хугацаа заагаагүй нь төрийн ажлыг чөдөрлөх боломж олгоод байх шиг ээ?

-Завсарлагыг цаг хуга­цаатай авна гэдэг ардчиллыг булшлах нэг алхам л гэж бодож байна шүү. Тэгэхээр цөөнх байсны шаардлага байх­гүй болно. Олонх гэд­гээрээ түрий барьж байгаа тохиолдолд парламентын засаглалын хамгийн үнэ цэн­тэй тэмцлийн хэлбэр буюу зав­сарлага авна. Үүнийг эрүүл үзэгдэл гэж бодож байна.

-Ээлжит бус чуулганы сүү­лийн өдөр МАН-ынхан бас олонхын түрэмгийллээр Ж.Энхбаяр сайдыг суудалд нь үлдээсэн хэрэг үү. Тэгээд та нар завсарлага авахгүй яасан юм бэ?

-Батлан хамгаалахын сайдын асуудал дээр миний хувьд анхнаасаа манай на­мынхан дэмжихгүй байхад ч би эсрэгээрээ дэмжиж бай­сан. Яагаад гэвэл тэр хүн за­луу хүн. Хэдий өөр нам ч гэлээ Монголын улстөрд ээлж, халаа хэрэгтэй гэдэг утгаараа, 1970-аад оныхон гэдэг үүднээс дэмжсэн.
Харин сүүлд Батлан хам­гаалахын сайдын асуудал дээр Төрийн зарчмын асуу­дал яригдсан. Тэр сайд, хувь хүнийх нь асуудал дээр яри­мааргүй байна.
Ж.Энхбаяр сайдаар дам­жуулж МАН өөрийнхөө далд бодлогыг явуулсан бо­лов уу гэж бодож байна. Сон­гууль дөхөж байхад мэр­гэн буучдын рот гэх зэр­гийг оруулж ирсэн байна лээ. Тэгэхээр сайд гэхээсээ илүү МАН-ын бодлого Бат­лан хамгаалахын яамаар дам­жиж ард иргэдийн үзэл бод­лоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн эсрэг ашиглах гээд байна уу гэсэн хардлага төрсөн.

-Намын удирдлага то­милдог учраас Ж.Энх­баярын гараар могой бариу­лах гэж байсан гэж үү?

-Тийм, ерөнхийдөө олонх болсон, улстөрийн том на­мын золиос болж байгаа нь харагдаж байлаа. Ямар ч сайд байсан тө­рийн жанжин шугам, бод­лого өөрчлөхгүй яам байдаг. Батлан хамгаалахын яаманд “Батлан хамгаалах цагаан ном” гэж бий. Тэр номын да­гуу явж байгаа. Гэтэл тэр но­мын номлолоос гажуудаад эхлэхээр л намын оролцоо бий болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл Монголын тө­рийн бодлогоос МАН-ын бод­лого гажиж байна л гэсэн үг.

-Уг нь АН, МАН хоёр ээл­жит бус чуулган тарахын өмнө Ж.Энхбаяр сайдын сууд­­лаар сонгуулийн асууд­лаа тохирчихсон байсан юм биш үү?

-Миний хувьд сонсоогүй л юм байна. УИХ-ын халуун тогоонд юуг ч юутай хол­бон тайл­барлаж болно. Ер нь хоёр нам наймаалцсан асуу­дал зөндөө бий.

-Тухайлбал?

-Танай тийм хуулийг яв­сан. Одоо манай энэ хуу­лийг гэх мэтээр наймаалцдаг. Үүнийг бүгд л мэддэг.

-Ардчилал хөгжөөд 20 гаруй жил өнгөрөхөд най­маалц­даг намдаа мөн ч олон ялагдаж, цөөнх байсан даа?

-МАН байнга сонгуулийн булхай хийдэг.

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг байх аа?

-Үгүйсгэх шалтгаан нь 2008 оны долоодугаар сарын нэгэн. Ард түмэн АН-д са­налаа өгсөн байхад яагаад МАН ялалт байгуулав гэдэг асуудал яригдсан шүү дээ.

-Заавал 2008 онд ингэж асуудлыг хурцатгаж байхын оронд өмнө нь цөөнх байх үедээ бага багаар цэгцлэх боломж байсан биз дээ?

-Бид 20 жилээс дөрөвхөн жилд нь засаг барьсан. Тэд 90 жил эрх барьсан нам. Монголын хөрсөнд хэ­дэн үеэрээ, мах цусанд нь шин­гэчихсэн, зохион бай­гуулалтад орчихсон нам. АН дөнгөж 22 настай, цэл залуу нам. Алдаа, оноо ду­тагдал бий. Гэхдээ ард тү­мэн үгээ хэлэх асуудлыг өөрс­дөө мэддэг. 2008 онд сон­гуулийн будлиан гарсан учраас л үймээн гарсан гэж би боддог.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.