Д.Оюунхорол: Иргэнээ нийгэмшүүлэх олон ажил шинэ арга барил,шинэ стандартаа хүлээж байна
-УИХ-ын ээлжит чуулган завсарлаж гишүүд тойрогтоо ажиллаж байна. Та Завхан нутаг руугаа явсан уу?
-Сар шинийн өмнөхөн аймгийнхаа хэд хэдэн суманд ажиллаж сайн малчнаар шалгарсан тэргүүний малчинд "Монгол Улсын сайн малчин", "Алтан төлийн эзэн" хүндэт шагналыг малчны хотонд хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө. Завхан аймгийн мал сүрэг таван төрлөөр өсч, нийт нутгаар өвөлжилт сайхан боллоо. Одоо малчин түмэн сэтгэл тайвуу, анхны төлийн дуу цангинасан сайхан хавар болох төлөвтэй байна. Олон малчин улсын сайн малчнаар шалгарсан нь аймгийн маань малчин түмний хөдөлмөр бүтээлийн томоохон үр дүн байлаа. Өнөөдрөөс тойргийнхоо сумдад ажиллахаар гарах гэж байна.
-Та нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийнзөрүүарилгах, боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн баталгааны тухай гээд хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсан.Чуулганаар хэлэлцэж амжив уу?
-Намрын чуулган улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн томоохон сорилт, гарааны эхлэл, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй түүхэн онцлог үед хуралдаж завсарлалаа. Нийгмийн хөгжил, улс төрийн гэнэтийн шийдлүүдийг дагаад бид аль аль шатандаа хурдтай ажиллах шаардлага тулгарч байна. Төр засгийн өөрчлөлт, улс төрийн намуудын хөгжил, төлөвшлийн олон асуудлаар хуралдаж, оновчтой хувилбар олох гээд ер нь ажил их, зав зай муутайхан байж намрын чуулган завсарласан. Эрхзүйн орчныг нь шинэчлэх, боловсронгуй болгох нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, сонгууль, цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай гээд олон чухал хууль батлагдлаа.
Санаачлан өргөн барьсан Нийгмийн даатгал болон Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд хэлэлцэгдсэн.
Тэтгэврийн зөрүү олгох, цалингийн нэмэгдлийн тухай асуудал шийдвэрлэгдсэн. Тэтгэвэр бодох цалин хөлс, орлогыг хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өсөлт, дундаж цалингийн өсөлт, тэтгэврийн худалдан авах чадвар зэргийг харгалзан жил бүр тогтоох асуудлыг хуулиар зохицуулаагүйгээс тэтгэврийн үндсэн бодлого, шинэчлэлд сөргөөр нөлөөлж, иргэдийн дунд тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт бий болгосон байна. Тэтгэврийн зөрүүг арилгах арга бол тэтгэвэр бодох итгэлцүүрийг тогтоох гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байгаа ч өнөөдрийн байдлаар тэтгэвэр бодох суурь цалинг өөрчлөх итгэлцүүрийг шинэчлээгүйгээс тэтгэврийн худалдан авах чадвар буурсан. Тэтгэврийн өсөлт нь цалингийн өсөлтөөс хоцор-сон байна. Өнөөдөр өндөр насны тэтгэвэр авч байгаа 300668 ахмадын 163367 хүний тэтгэврийн зөрүүний асуудал хөндөгдөн яригдсан. Энэ оны Улсын төсөвт тэтгэврийн нийт зардал 212 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн. Үүнээс 21 тэрбум нь шинээр тэтгэвэр авагчдад зарцуулагдах хөрөнгө, 191 тэрбум нь тэтгэврийн зөрүү, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар төсөвт сууж батлагдсан. Эх орныхоо нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад өөрийн үнэлж баршгүй хөдөлмөрөө зориулж байсан 160 гаруй мянган ахмадынхаа тэтгэврийн зөрүүг арилгах хууль эрх зүйн орчин бүрдсэн. Одоо НХХЯ хуулийн дагуу дүрэм журмаа яаралтай боловсруулж ажиллах ёстой. Олон жил ярьж төрөөс ийм шийдвэр гаргахыг хүлээж суугаа ахмадууд маань баяртай байгаа гэж бодож байна.
-Боловсролын салбарт ажиллагсадын нийгмийн баталгааны тухай хуулийг яах бол гэсэн олон мянган хүний хүлээлт бас бий?
-Төрийн албан хаагчдын тэтгэмжийн ялгавартай байдлыг арилгахаар Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан. Хуулийн төслийг Дэгийн хуулийн дагуу хэлэлцэж байгаад чуулган зав-сарласан. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Сургуулийн өмнөх боловсролын салбарт үйл ажиллагаа явуулж буй 839 цэцэрлэгт 16.6 мянга, ерөнхий боловсролын нийт 751 сургуульд 45 мянган ажиллагсад ажиллаж байгаа. Үүнээс дотуур байрны багш 611, номын санч 528, эмч 432, тогооч 1142 байна. ЕБС-ийн захирал 722, сургалтын менежер 1295, нийгмийн ажилтан 664, үндсэн багш 26,358 бий. Иймээс бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид болон боловсролын байгууллагын ажиллагсадын нийгмийн асуудлыг анхаарсан тогтолцоог бий болгох шаардлагатай. Боловсролын байгууллагад ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, цэцэрлэгийн туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтворв суурьшилтай ажилласны таван жил тутамд нэг удаа зургаан сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллагаас нь олгох, бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрхийг хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Засгийн газар энэ оныг Өрхийн хөгжлийг дэмжих жилээр зарлалаа. Таны өргөн барьсан Гэр бүлийн хуулийн төсөлд гэр бүл, хүн ам хөгжлийн агентлаг байгуулах асуудлыг хөндсөн байсан. Монгол төрийн эмэгтэй түшээгийн хувьд өрхийн хөгжлийн талаар таны санал бодол?
-Манай төрийн бодлогын цөм нь өрх гэр бүл. Монголчууд дэндүү цөөхүүлээ байна шүү дээ. Тиймээс гэр бүлийн хөгжлийг дэмжин, хүн амаа өсгөх, боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн яаж хүргэх, эдийн засаг уул уурхайн орлого өсөлтийг өрх иргэндээ яаж наалдацтай хүртээх асуудлууд шийдлээ хүлээж байна. Бага орлоготой өрхийн амьжиргааг Нийгмийн халамжийн хуулийн хүрээнд хэрхэн дээшлүүлэх, идэвх санаачилгатай ажиллаж байгаа гэр бүлд төрөөс ямар урамшуулал олгох вэ гээд олон асуудлыг Халамжийн хуулиар шийдэхээр болоод байна. Өнөөдөр монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, үр хүүхдээ өнчрүүлж, гэр бүлийн хариуцлагаас зугтаж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдлээ. Архины асуудал-гүй, архины хамааралгүй гэр бүл өнөөдөр ховорхон болжээ. Олон ээж сэтгэл санааны хүнд дарамтад нүдэндээ, сэтгэлдээ нулимстай явж байна шүү дээ. Хүүхэд залуусын хүмүүжил төлөвшлийн асуудал ч чухал боллоо. Хүүхдийн эрх зөрчигдөж, Монголын маань ирээдүй болсон хүүхэд багачууд нийг-мийн тэгш бус байдалд, өөртөө ахадсан хүнд ачааг бяцхан биедээ үүрч байна. Амьдралдаа алдаж үлдсэндээ туслах, иргэнээ нийгэмшүүлэх хүмүүнлэгийн олон ажил шинэ арга барил, шинэ стандарт бий болгохыг хүлээж байна. Баян хоосны ялгаа, хот хөдөөгийн ялгаа улам нэмэгдсэн энэ цагт төрийн зохицуулалтыг түргэн шуурхай хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Гэр бүл хөгжлийн агентлаг байгуулах цаг болсон гэж үзэж төсөлд тусгасан. Орон тоо, төсөв шаардахгүйгээр Хүүхдийн төлөө газрын бүтэц, зохион байгуулалтыг өргөжүүлэн, гэр бүл хөгжлийн асуудлыг цогцоор авч үзэх гарц бий.
-Ажилгүйдэл, ядуурлын төвшин буурахгүй, үүнд эмэгтэйчүүд илүү их өртөмтгий байна гэж олон жил ярьсан. Ядуурлыг бууруулах талаар таны санал юу вэ?
-Нийгэм, өрх гэр бүлийн хамгийн амин чухал шийдэх асуудлын нэг нь яах аргагүй ажилгүйдэл. Хотын хүн амын 32.2 хувь, хөдөөгийн хүн амын 37.8 хувь нь ядуу амьдарч байна. Улаанбаатарын хүн амын 29.8 хувь нь ядуурлын төвшингөөс доогуур орлоготой байна. Уул уурхай хөгжиж байгаа манай орны хувьд тэнд ажиллагсдын гэр бүл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг ч цогцоор шийдвэрлэх шаардлагатай. 2011 оны статистик мэдээгээр хүн амын 39,2 хувь нь ядуу байгаа. Халамжид зарцуулсан мөнгө 5 дахин өсөөд байхад ядуурал 7 хувиар өссөн дүн ч бий. Ядууралд хамгийн их өртөөд байгаа нь эмэгтэйчүүд, тэр тусмаа өрх толгойлсон 80 гаруй мянган ээжүүд. Ажилгүй иргэдийн 54.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь сэтгэлийг маань түгшээдэг. 149.8 мянган эмэгтэй өрхийн бизнест цалин хөлсгүй оролцож байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлж, өнөө маргаашийн амьжиргааг биш өндөр цалин, орлоготой болгох гарцыг бид хайж байгаа. Эмэгтэйчүүдийнхээ ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, бизнес эрхэлж байгаа болон шинээр бизнес эрхлэх гэж байгаа бага дунд орлоготой эмэгтэйчүүдээ дэм-жин, бага хүүтэй, урт хугацаа-тай зээл олгох, барьцаа хөрөн-гийн шаардлагыг бууруулах зээлийн баталгааны сан ажиллуулах замаар бодит дэмжлэг үзүүлэх боломжийн талаар судалгаа хийж байна. Тулгарч байгаа асуудалдаа гарц хайж, эрж олдог, хэрэгжүүлж шийддэг XXI зууны эмэгтэйчүүд бид олон жил улиг болтол ярьсан ядуурлаас салах гарцаа олно гэдэгт итгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн дэмжсэн банк байгуулсан дэлхийн улс орнууд үр дүнд хүрсэн байдаг. Орлого багатай иргэд, эмэгтэйчүүд банкны үйлчилгээ хүртэж, өрх бүр үйлдвэрлэгч болж, амьдралын чанартаа өөрчлөлт гаргаж ядуурлаасаа салах бэлээхэн туршлага байхад даяаршиж байгаа дэлхийн ам бүлд аль хэдийнээ багтсан монголчууд бид ядуу байгаагаа хэчнээн жил ярьж суух вэ. Одоо санал, хүчээ нэгтгэе. Эр зориг гаргая. Эрсдэл ихтэй ч буянтай үр дүнд хүрэх шинэ ажил эхлэхэд гар бие оролцож сэтгэл оюунаа нэгтгэе гэж иргэддээ уриал-маар байна. Бидний санал санаачилгыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд дэмжихээ илэрхийлсэнд хүүхнүүд маань маш их баяртай байгаа.
-МАН-ын "Ард түмний хөгжлийн хөтөлбөр"-ийг боловсруулахад НАМЭХ-ноос ямар санал оруулсан бэ?
-Намынхаа хөгжлийн хө-төлбөрт эмэгтэйчүүд ядууралд илүү өртөмтгий байгааг анхаарч, ЖДҮ, бизнес эрхлэх бололцоог хангах, санхүүгийн асуудлыг шийдэх зорилгоор барьцаа хөрөнгө шаардахгүйгээр бага хүүтэй урт хугацааны зээл олгох бодлого хэрэгжүүлэх, хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдэд хоёр жилийн тогтмол цалинтай чөлөө олгох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр/ нийгмийн даатгалыг нь төрөөс төлдөг хууль эрх зүйн орчинг хангаж хүн ам зүйн бодлогоо дэмжих, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах хуультай болгох, эх барихын тусламж үйлчилгээний төсвийн санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй хослуулж, зардлаар нь тооцдог болох, "Амаржих газрын бүтэц үйл ажиллагааны стандарт"-ын дагуу эхийн орны 2/3-тай тэнцэх хэмжээний санхүүжилтийг төрсөн нярайд олгодог болохгээд олон санал дэвшүүлсэн. Малын эмч нарын ажиллах нөх-цөлийг хүнд хортой нөхцөлд шилжүүлэх, ажилгүйдлийг багасгах хүрээнд өрх толгойл-сон болон олон хүүхэдтэй эх, оюутан, ахлах ангийн сурагчид боломжит цагаараа хийж болохуйц цагийн ажлын байр, зуучлалын товчоог байгуулах, архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх, Монгол Улсын аймаг, дүүрэг бүрийт ахмадын амралт сувилал, хүүхдийн зуслантай болгох гээд олон чухал асуудлуудыг тусгана.
-Нийгмийн салбарын тулгамдсан асуудлаар дуугардаг цөөхөн гишүүний нэг гэж иргэд, олон түмэн таныгхүндэтгэдэг юм билээ. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Та юу хийх ёстой гэж үздэг вэ?
-УИХ-аас Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай, Сонгуулийн тухай хуулиудыг баталсны үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Аливаа хууль иргэн бүрт хүрч хэрэгжин, үр дүн нь эерэг бодитой байх явдал хамгийн чухал байдаг гэж ойлгодог. Эрх баригч намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдан ажиллаж байгаагийн хувьд хариуцлагаа ухамсарлаж, манай хүүхнүүд идэвхтэй ажиллаж байгаа. Эмэгтэй хүн амьдралыг өөр-төө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү их хүч чадал заяасан гэж эрдэмтэн мэргэд үздэг юм билээ. Тиймээс эрчүүдийн жижиг гэж орхидог асуудал бүрийн цаана өрх гэрийн, нийгмийн хамгийн эмзэг тулгамдсан асуудлууд үлддэг. Эдгээрийн дотоод мөн чанар руу эмэгтэйчүүд илүү гүнзгий мэдрэмжтэй ханддаг. Аливаа асуудалд хандахдаа эмэгтэйчүүд бид илүү эерэг уян зөөлөн, намуун дөлгөөн, үнэнч шударга, итгэл сэтгэлээрээ ханддаг. Энэ бүхэн бол эмэгтэйлэг шинж чанар юм даа. Эмэгтэйчүүд бид гадна талын хувирлыг биш дотоод өөрчлөлтийг мэдэрч чаддагаараа онцлогтой. Тиймдээ ч хаан төрийг хатан ухаанаар түшилцэхэд эмэгтэйчүүд бидний оролцоо чухал байгаа. Өнөөдөр нийгэмдээ танигдсан, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, хийсэн бүтээснээрээ овоглогдсон эмэгтэйчүүд нийгмийн салбар бүрт ажиллаж байна. Малчин эмэгтэйчүүд дүн өвлийн хүйтэнд ч мал сүргээ хариулж, эх орныхоо торгон хилийн баганан дээр тусгаар тогтнолоо хамгаалж буй олон эмэгтэй байгаа. Ийм болохоор эмэгтэйчүүд ажилладаггүй нэг ч салбар байдаггүй. Тэд маань төрийн хариуцлагатай албыг найдвартай хаших ард түмнийхээ итгэл сэтгэлийг бүрэн даах чадвартай гэж үнэлдэг.
-Монгол эмэгтэйчүүдийн үнэлэмж, үнэ цэн өсч байна гэжүзэж болох уу?
-Өнөөдөр хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд ажилгүйдэл, ядуурал, эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын чанар хүртээмж гээд тулгамдсан олон асуудлын гарцыг хайж, нийгмийн шударга ёсыг хүсэмжилж байна. Уяхан сэтгэлээрээ хатууг зөөллөж, уужим ухаанаараа амьдралыг тэгшилж яваа монгол ижий нар эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалт, нийгэм, өрх гэр бүлийнхээ хөгжлийн төлөө оюун ухаан, хуч чадал, мэдлэг ур чадвар, соргог торгон мэдрэмж, итгэл сэтгэлийн хатаараа томоохон хөрөнгө оруулалтыг гэр бүлдээ төдийгүй улс орныхоо хөгжилд оруулж байгааг онцлон хэлмээр байна. Иймд эмэгтэйчүүдийн санал бодлыг сонсч, төрийн бодлогод тусгах явдал чухал байгаа учраас нийгэмд эмэгтэйчүүдийг дэмжих хандлага илүү байна. Монгол эмэгтэйчүүдийн үнэлэмжийг дээшлүүлж, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, чадварлаг боловсролтой эмэгтэйчүүдийг гаргаж ирэх ажил, аль ч төвшинд бодлого стратегигүй явж ирлээ. Эмэгтэйчүүд маань бие биесээ хүлээн зөвшөөрөх, хамтран ажиллах, сэтгэлгээний их өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй байна. Улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд ч энэ тал дээр илүү түлхүү хамтран ажиллах ёстой. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдаж байгаагийн хувьд зөвхөн намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийт эмэгтэйчүүдийнхээ эрх ашгийг хамгаалан ажиллах бодлого баримтлан, үйл ажилла-гаагаа явуулж байна. Олон нийтэд танигдсан боловсрол, мэдлэг өндөртэй, ажлын дадлага туршлагатай эмэгтэйчүүд олон байгаа. Тэдний соргог торгон мэдрэмж, ажлын дадлага туршлага, хичээл чармайлт, мэдлэг чадвар, шударга зан чанар юу юунаас илүү үнэ цэнтэй байгаа. Иймээс эмэгтэйчүүд бид өөрсдийн нөөц боломж, хүч чадал ажлын туршлага, үр дүн, бодит ажлаа харуулах боломжийг баталгаажуулсан Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд бид санаачилгатай ажиллах ёстой.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хуульчилсан. Хууль хэрэгжих боломж бий юу?
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хууль өмнөх хуультай харьцуулахад хариуцлагын тогтол-цоо нь илүү сайжирсан. Хамгийн гол нь хэрэгжүүлэх үйл ажиллагаа чухал байгаа. Сонгуулийн хуулиар нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байхаар хуульчилсан. Квотын зарчим нь сонгуулиар эмэгтэйчүүдийн төлөөлөл бага тусдаг мажоритар системийн сул талыг нөхөх арга, эмэгтэйчүүдийн хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвараас үл хамаарах олон сөрөг хүчин зүйлээс хамгаалсан тэгш байдлыг бий бол. үндэс юм. Монголчууд ухаантай оюунлаг ард түмэн шүү дээ. Төрийн бодлогод эмэгтэйчүүдийн санал бодлыг тусгах нь чухал болохыг хэлж ярьдаг болсон. Иргэд сонгогчдынхоо боловсролыг дээшлүүлж, эмэгтэйчүүдэд хандах хандлагыг өөрчлөхөд Парламентад суудалтай гурван намын эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран ажиллах Тунхаглал гаргасан. Өнөөгийн Монголын ний-гэмд жендерийн эрх тэгш байдал хангаж, 2012 оны УИХ-ын болон бух шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд эмэгтэйчүүд илүү идэвхтэй оролцох бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эмэгтэй хун бүрийн үүрэг оролцоо маш чухал байгаа. Монголынхоо нийт эмэгтэйчүүдтэйгээ хамтран санаачилга "үр бүтээлтэй ажиллаж, бие биедээ урам зориг, дэмжлэг өгч, бусдынхаа амжилтыг хүлээн зөвшөөрч, эерүү зөөлөн уур амьсгал бүрдүүлэх нь бидний нийгэм дэх үнэлэмжийг эрс дээшлүүлнэ гэдгийг хэлэх байна даа.
-Нийгэмд улстөрч эмэгтэйчүүдийг дэмжих хандлаганэмэгдэж байгаа. Энэ талаар та бүхэн юу хийх ёстой гэж үзэж байгаа вэ?
-Улстөрчийн хөдөлмөр хүнд хөдөлмөр. Тэр тусмаа эмэгтэй хүн бүл, цаг зав, бүхий л зүйлээ золиослоход хүрдэг. Нэг талаараа зөвхөн гэр бүл төдийгүй төр нийгэм, ард олныхоо өмнө өндөр хариуцлага, үүрэг хүлээдэг хатуу хүнд хөдөлмөр байдаг. Улс төр л болсон юм хойно хөөрхий дөө эмэгтэй хүн юм гэж толгойг минь илж, санал өгдөггүй шүү дээ. Иймээс асуудалд эрчүүдтэй зэрэгцэн заримдаа эмэгтэй хүн, эх хүнийхээ нарийн ухаан мэдрэмжийн боловсролоо нэмэгдүүлж, торгон мэдрэмжтэй ажиллах ёстой. Хэвлэл мэдээллийн байгууллагаар эмэгтэйчүүдийн талаар сөрөг мэдээлэл давамгайлсан энэ үед эмэгтэй улстөрчдийн дүр төрхийг бүрдүүлэхэд үнэ-хээр хүндрэлтэй байгаа. Энэ цаг үед эмэгтэй улстөрчдийг дэмжих эмэгтэй сэтгүүлчдийн "Даймонд" клубыг санаачлан зохион байгуулсан сэтгүүлч бүсгүйчүүдэд баярлаж байгаа. Энэ ажилд эмэгтэйчүүд бидний хамтын ажиллагаа, нэгдмэл том эрх ашгаа эрэмбэлэх улс төрийн соёл маш чухал. Хүн амын тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийн арми нэгдэж чадвал өрх гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хуримтлагдсан олон тулгамдсан асуудлыг шийдэх асар их нөөц боломж, хүч байгаа. Эмэгтэй хүн эр хүнээс илүү хариуцлага хүлээх чадвартай шүү дээ,
-Өнөөдөр Монголын улстөрчид сонин, хэвлэл, ТВ-үүдийн эзэд байгаа тухай олон түмэн ярьдаг. Таныг ч бас "Өглөөний сонин"-ы хувь эзэмшдэг гэж саяхнаас чих дэлсэх болсон. Энэ үнэн үү?
-Монголын улс төрд байгаа хамгийн муухай, ёс суртахуунгүй зүйл бол улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд болж, улс төр хийдэг буруу, гаж үзэгдэл бий болсон гэж боддог. Хэн ямар ТВ, сонинг өмчилж, улс төр хийж байгааг олон түмэн мэднэ. "Өглөөний сонин"-д миний эзэмшдэг нэг ширхэг ч хувьцаа байхгүй, оролцоо ч байхгүй. Би сонины эрхлэгчтэй нь найз. Мэдээж тэр хүний хувийн бизнес рүү нь би оролцон хутгалдах боломжгүй юм даа.
-Хэдхэн хоногийн дараа Монголд зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 91 жилийн ойн баяр тохиох гэж байна. Энэ салбарын эмэгтэйчүүдэд хүргэх таны үг?
-Монголынхоо зэвсэгт хүчинд ажиллаж байгаа үе үеийн ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн, эрчүүддээ ойн баярын мэндчилгээ дэвшүүлж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Манай улсад 3000 орчим эмэгтэй офицер, алба хаагчид цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэрэгт алба хааж байна. Улс орныхоо дархан хилийг, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг, дэлхийн улс орнуудын халуун цэг, галын шугаманд Монголынхоо нүүр царай болж энх тайвныг хамгаалж яваа нийт эмэгтэйчүүддээ Монгол Улсад зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт ойн мэндийг хүргэе. Чухамдаа энэ салбарынхан маань улс орныхоо энх тайван, тусгаар тогтнолын алтан шугамыг эрчүүдтэйгээ хамт манаж, идэр есийн хүйтэнд зовлон тоочилгүйгээр тангараг өргөн зүтгэж, гэр орныхоо арын албыг амжуулж байдаг ёстой л энэ цагийн эгэл даруу баатрууд гэж бодож явдаг юм. Энэ салбарын хүүхнүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдчих юм сан гэж ажилладаг. Цэргийн алба хүнд алба, залуу насаа эх орондоо зориулаад ид насандаа тэтгэвэрт гардаг. Байр орон сууцны асуудлаа тэтгэвэрт гартлаа шийдэж чадаагүй олон албан хаагч байдаг. Алба хааж байгаа эмэгтэйчүүдэд төрөөс тусгай бодлогоор хандах цаг ирсэн.