Төрийн албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын Чуулган
2017.05.04

Төрийн албаны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тус хэлэлцэх хуулийн төслийг түр хойшлуулах саналтай байгаагаа илэрхийлж үг хэлэв.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Саяхан бид МУҮХ-нд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар анх удаа зөвлөлдөх санал асуулга явуулсан. Зөвлөлдөх зөвлөлөөс өнөө маргаашгүй УИХ-д зөвлөмж хүргүүлнэ. зөвлөлдөх санал асуулгын хүрээнд 6 асуудлаар санал асуулга явуулсан. Үүнээс 2 асуудал нь төрийн албаны тогтвортой байдлын талаар санал асуулга юм.

Хэрэв зөвлөмжийн дүн МУҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг цааш үргэлжлүүлж ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн төслийг дахиад өөрчлөх хэрэг гарах уу? гэсэн асуултад УИХ-ын гишүүн хуулийн төслийг санаачлагч Д.Тогтохсүрэн МУҮХ-д нэмэлт өөрчлөлттэй уяалдаж байгаа хэмээгээд хуулийн төслийн хэлэлцүүлэг цааш өрнөсөн юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, О.Батнасан, Х.Баделхан, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Х.Болорчулуун, Б.Батзориг, Н.Учрал, Н.Улаан, О.Баасанхүү нар асуулт асуув.

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хувьд төрийн албаны зүгээс авагддаг шалгалт засгийн газрын хэрэг эрхлэх газраас авагдах нь хэр оновчтой талаар тодруулсан.

УИХ-ын гишүүн М.Билэгт төрийн албаны меррит буюу мэргэшсэн тогтолцоо түүнчлэн төрд нүүрлээд буй булхай, албан тушаалын сэлгээ мөн ажилдаа хандах чин сэтгэл хандлага харагдахаа байгаад буйг онцоллоо.

Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Гантулга, М.Билэгт, С.Батболд, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар дэмжиж, дэмжээгүй байр сууриас үг хэлж хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамтаар анхны хэлэлцүүлэгт 78,7 хувийн дэмжлэгээр шилжүүллээ.