2021.10.22

Л.Энх-Амгалан: Монголын төрд шинэ салхи, боломж оруулж, шатлан дэвших тогтолцоог тодорхойлох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар  Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн,Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Төрийн албаны шинэчлэл гэдгийг сайн ойлгож ухаарах хэрэгтэй. төрийн албаны тухай хуулийг санаачлагчийн нэг нь би. Яг шатлан дэвших тогтолцоо гэдгээ зөв гаргаж ирэх хэрэгтэй. Сингапурын нэг удирдагчийн хэлсэн үг байдаг. Сингапур улс хамгийн чадварлаг хүмүүсээ төрдөө зүтгүүлээд хөгжиж чадсан гэж. Тэгвэл Монголын төрд хамгийн чадварлаг, туршлагатай хүн орж ажиллах боломжийг хаасан. Харин чадваргүй хүмүүс ширээ, сандал булаацалдаад байж байна. Ард түмэн өөрөөс нь чадваргүй хүн төрд гарчихлаар итгэл алдраад байна.

Яагаад шилдгийн шилдэг хүмүүс салбараа удирдаж чадахгүй байна вэ? Үүнийг ойлгох хэрэгтэй. Манай Төрийн албаны тухай хууль манай хөрсөн дээр буугаагүй. Манай хүний нөөц маш хомс учраас эрхзүйн шинэчлэл хийх ёстой. Нэг хүн 3 жил ажилласныхаа дараа ажлаа үнэлүүлээд чадахгүй бол албан тушаалаасаа буух хэрэгтэй. Энэ хуульд шинэ салхи орох цаг нь болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn