УИХ-ын гишүүн Н.Учрал
2017.05.04

Н.Учрал: Төрийн жинхэнэ албан хаагч нарт багш эмч нарыг оруулж өгөх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ.Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авлаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Багш нар гэхэд 536,258 төгрөгийн анх аваад таван жилийн дараа шатлал өгсөхөөр 4000 төгрөгөөр нэмэгддэг. Арван жил багшаар ажиллаж байж 16000 төгрөгөөр нэмэгддэг. Ийм цалинтайгаар энэ хүмүүс яаж амьдрах юм бэ?

Ур чадваргүй багш нар нь албан тушаал буурахгүй, сайных нь цалин урамшуулал нэмэгдэхгүй. Бид багш, эмч нарын эрхийг зөрчиж байна. Түүнчлэн төрийн албаны хуулиа барьдаггүй, хөдөлмөрийн хуулиар яваад байгаа. Хэдий хүртэл төрийн үйлчилгээний албан тушаал гэж багш эмч нарыг хойно тависаар байх юм бэ? Төрийн жинхэнэ албан хаагч нарт багш эмч нарыг оруулж өгөх хэрэгтэй байна.

Тэгэхгүй бол засгийн газрын тогтоол гаргаж хэдхэн төгрөг нэмдэг тэр нь ямар ч өөрчлөлтгүй байна шүү дээ. Багшгүй боллоо шүү дээ. эмчгүй боллоо шүү дээ энэ улс. Бид өнөөдөр төрийн албаны тухай хуульд тодорхой том өөрчлөлтийг хийхгүй бол болохгүй нь гэж бодож байна. Тийм учраас шүүгч, прокурор шиг төрийн жинхэнэ албан хаагч, тусгай албан хаагч болгомоор байна. Ингэж байж цалин хөлс нийгмийн баталгаа нь хангагдана.

Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Ихэнхи нь санал гэж ойлголоо. Энэ хуулиар төрийн захирагааны албан тушаалтануудын нийгмийн асуудлыг бүрэн зохицуулж байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалтан болох багш ажилчдын нийгмийн асуудлыг өөрийнх нь салбарын хуулиар зохицуулж өгөх юм. Хэлэлцүүлгийн явцад нэгтгэх эсэхийг яриад явж болох байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Н.Учрал гишүүнтэй санал нэг байна. Ер нь бол төрийн албан хаагчийн цалин хөлсийг тодорхой боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Цалингийн сүлжээ гэдэг нь их тохиромжгүй байгаа юм. Аль болох ур чадвараас хамаарсан цалингийн тогтолцоог эрэлхийлэх хэрэгтэй юм.