Ц.Цолмон, Л.Гантөмөр сайдууд ”Оюутан цэрэг” хөтөлбөрийн хичээлийн явцтай танилцлаа
"Оюутан цэрэг" хөтөлбөр гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдсан оюутан залуус маань эхний сургалт болох цэргийн ерөнхий бэлтгэл буюу цэргийн эрдмийн хичээлдээ шамдан сурч байна. Тэдний сургалтын явцтай 2016 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар ШУТИС, МУИС, УБИС-д хичээллэж байхад нь очиж танилцлаа. Хоёр сайдыг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц, БХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Баасандамба, "Оюутан цэрэг"-ийн Ерөнхий зохицуулагч, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэд дарга, хурандаа Ц.Анхбаяр нар болон их, дээд сургууль, "Монголын оюутны холбоо"-ны удирдлагууд ажиллалаа. 2016 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн. Энэ жил нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр аймгуудад хөтөлбөрийг хэрэгжүүлж буйгаараа онцлог юм.
Энэ удаагийн нийслэл дэх "Оюутан цэрэг" хөтөлбөрт нийт 6 дүүргийн 64 их, дээд сургуулиас 948 оюутан хамрагдаж, долоон их, дээд сургууль дээр долоон бүлгээр хичээллэж байна. БХИС-ийн захирлын тушаалаар томилогдсон сургалтын бүлгийн 17 багш долоо хоног бүрийн бямба, ням гаригуудын 09.00-14.00 цагийн хооронд нийт хоёр кредит 96 цагийн "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалтыг хичээлийн хуваарь, хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу явуулж байгаа ажээ. "Цэргийн ерөнхий бэлтгэл" сургалт энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулагдана. Харин цэргийн эрдмийн хичээлийн дараа онолын шалгалт авч тэнцсэн оюутнуудаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан улмаар хоёр шат буюу "Цэргийн мэргэжлийн бэлтгэл" сургалтад гарах юм. Энэ хугацаа нь зургадугаар срын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр байхаар төлөвлөжээ.
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон уулзалтын эхэнд "Оюутан–цэрэг” хөтөлбөр 2014, 2015 онд амжилттай хэрэгжиж нийт 1500 орчим оюутан тус хөтөлбөрийн сургалтын хөтөлбөрийг бүрэн хангаад байна. Хөтөлбөрийн үр дүнд суралцагчдын сахилга, хүмүүжил, хувийн зохион байгуулалт, төлөвшилд сайнаар нөлөөлж, анги, хамт олны эв нэгдэл, сургалтын чанарт ахиц, өөрчлөлт гаргаж байгаа талаар сургуулийн удирдлага, багш, оюутнууд сэтгэл хангалуун байгаагаа бидэнд илэрхийлсээр байгааг энд дурдахад таатай байна. Та нарын өмнөх 1500 гаруй ах нар нь хичээл чармайлттай байж хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн гэдгийг онцлох ёстой. Хөтөлбөрийн сургалтад хамрагдах чин хүслээр хүрэлцэн ирсэн оюутан залуус та бүхэндээ богино хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж, эх орныхоо өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарласан эр цэрэг, эх орны хүү болно гэдэгт итгэлтэй байна. Батлан хамгаалах яам “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусган УИХ-д өргөн барьсан. Хуулийн төслийг маань энэ яг өдрүүдэд УИХ-д хэлэлцэж байна. Энэхүү хөтөлбөр цаашид хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмрээ оруулахаас гадна их, дээд сургуулийн оюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эх орноо батлан хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан, таниулах чухал ач холбогдолтой" гээд цэрэг эх оронч залуус гэж хэнийг хэлэх вэ, энхийг сахиулагч ах нар нь өнөөдөр дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байна гэхчилэн нээлттэй ярилцсан.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр "Та нарыг харахад сайхан байна. Та нарын сонголт зөв байна. Өнөөдөр олонхи залуучууд маань гадуур дэмий тэнэж, эсвэл фасевүүк ухахаас өөр хийсэн зүйлгүй болж. Гэтэл та нар маань цэргийн эрдэм сурахаар цаашлаад өөрсдийн төрийн албанд орж ажиллах үүд хаалгаа нээж хөтөлбөрт хамрагдсаныг харах сайхан байна. Та нар бол ирээдүйн эх орноо авч явах хүмүүс. Ялангуяа мэдлэгт суурилсан шилдэг боловсон хүчин нь байх ёстой.
Цэргийн бэлтгэлд гарснаар та нарын бие бялдар хөгжиж, сахилга зохион байгуулалт нь сайжирна гэдэгт итгэлтэй байна" хэмээн чөлөөт сэдвээр дэлгэрэнгүй ярилцав. Сайдууд оюутнуудын зүгээс асуулт байгаа эсэхийг лавлахад "Манай найз нөхөд энэ хөтөлбөрт хамрагдахаар хамт бүртгүүлсэн ч хасагдсан. Нийслэлд 750 оюутан цэрэгт нь багтахын тулд 3000 гаруй оюутан бүртгүүлсэн. Та бүхэн энэ тоог нэмэх боломжгүй юу" гэсэн асуулттай байв. Үүнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Энэ жилийн хувьд нийслэлд 750 оюутнаар тооцож төсөв санхүүг нь баталж өгсөн учраас шийдэхэд хүнд юм. Дараа, дараагийн жилд тоог нь нэмэх эсэх судалгаа явуулсны үндсэнд нэмж болно" гэсэн. Энэ үеэр Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Санчирбаатар "Оюутан залуучуудад цэргийн албыг богино хугацаанд хаах боломж нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа зүтгэлийг тань үнэлье" хэмээн холбооныхоо дээд шагнал болох "Соён гэгээрүүлэгч" одонгоо Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд гардуулан өгсөн юм.
Ингээд хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын сэтгэгдлээс хуваалцлаа.
"Шихихутаг" дээд сургуулийн оюутан Э.Мөнх-Оргил:
-Оюутан болсон цагаасаа эхлэн энэ хөтөлбөрт хамрагдана даа гэж хичээж бэлтгэсэн. Өнөөдөр энэхүү зорилгоо биелүүлээд цэргийн эрдмийн хичээлд сууж байгаадаа баяртай байна. Энэ хөтөлбөр нь өөрөө оюутнууд бидэнд цаг хэмнэх том боломж юм.
Хүмүүнлэгийн их сургуулийн оюутан Э.Одгэрэл:
-Цэргийн эрдмийн хичээлээр батлан хамгаалах ёс зүй, тактик үзээд дуусч байна. Өнөөдөр галын аюулгүй байдал гэсэн хичээл үзэж байна. Хөтөлбөр бол оюутан залууст үнэхээр хэрэгтэй нүдээ олсон арга хэмжээ юм. Манай олон найз хамрагдахаар бүртгүүлсэн ч орж чадаагүй байна лээ.