"Зөв монгол хүүхэд" хөтөлбөрт “онц” үнэлгээ өглөө
Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хэрэгжиж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсролын салбарт ихээхэн эерэг өөрчлөлтийг авчирсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ном”, “Авьяас”, “Сайн хичээл” зэрэг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг 2013 онд Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 19-23-нд “Зөв монгол хүүхэд-Хүүхэд бүрийн хөгжилд” үндэсний чуулган боллоо. Үндэсний чуулганаар хүүхдийн бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэх, онолоор олж авсан мэдлэгээ туршилтаар бататгах зорилгоор багш сурагч, эцэг эхчүүдийн хамтран бичсэн төслүүдэд тэтгэлэг олгох, сайн хичээл үйл ажиллагааны улсын зөвлөгөөн, эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулах зэрэг арга хэмжээ зохион байгуулсан юм.
Харин өнгөрсөн бямба гаригт уг чуулганы хаалтын арга хэмжээ болж, эссэний уралдаанд шалгарсан шилдэг илтгэлүүдийг толилууллаа. Хамгийн эхэнд Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн захирал Д.Октябрь “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагчдын идэвх оролцоо хэрхэн сайжирсныг илтгэлдээ дурдлаа. Тэрээр “Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хэрэгжиж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсролын салбарт ихээхэн эерэг өөрчлөлтийг авчирсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Ном”, “Авьяас”, “Сайн хичээл” зэрэг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Өмнө нь ганц, хоёр хүүхдийг сайн гэж үнэлдэг байсан бол одоо багш нар маань бүх хүүхдийн авьяас билгийг хөгжүүлэхийн тулд ажиллаж байна.
Эцэг эхүүд ч миний хүүхэд авьяастай, чадна гэдэг хандлагаар хандах болсон” гэдгийг онцолсон. Харин “Ном” хөтөлбөр хүүхдэд болон эцэг эхчүүдэд эерэг нөлөө үзүүлж байгааг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын I сургуулийн 12а ангийн сурагч А.Хүдэрчулуун хэлж байна. А.Хүдэрчулуун хоёр жилийн өмнө бүрэг ичимхий, олны өмнө үг дуугарч чаддаггүй байж. Харин бямба гаригт 1000 гаруй хүний өмнө хэнээс ч ичиж эмээлгүй, итгэл дүүрэн илтгэлээ тавьсан юм. Энэ бол “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Ном” дэд хөтөлбөрийн үр ач хэмээн ярилаа. Тэрээр “Хоёр жилийн өмнө би илтгэл тавих болоход индрийн ард хоёр минут чичирч зогссон.
Дараа нь хэзээ ч дахиж илтгэл тавихгүй гэж өөртөө хэлж байлаа. Харин өнөөдөр би энэ олон хүний өмнө илтгэл тавихдаа огтхон сандарч мэгдэх зүйл алга. Энэ бол номын ач. Би номоор дамжуулж олон зүйл сурч, бусдадаа үлгэрлэж байна” хэмээн үргэлжлүүлсэн юм. Түүний нэгэн адил “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн ачаар өөрийгөө нээн хөгжүүлж буй сурагч олон бий. Жишээлбэл, Төв аймгийн Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Б.Нямдулам багш нарын авьяастай гэж тодорхойлсон хэдхэн хүүхдийг сургуулийн урлагийн арга хэмжээнд оруулдаг байснаас болж, “Сүлд модны наадам”-д бүжиглэхийг маш их хүсдэг байсан ч чаддаггүй байжээ. Харин одоо бол “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэний ачаар бүжгээр хичээллэж, урлагийн арга хэмжээнд сургуульдаа төдийгүй аймаг, сумандаа манлайлан оролцох болсон байна.
Багш зөвхөн хичээлээ заагаад гардаг байсан үе өнгөрч, хичээлийн цаг дээр хүүхдүүд судалгаа хийж, мэдээлэл цуглуулан боловсруулж, дүгнэлт гаргах зэргээр өөрсдөө бүтээлч үйл ажиллагаагаа хөгжүүлж, багш нар чиглүүлэх үүрэг гүйцэтгэх болжээ. Улсын хэмжээнд сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнөөр 13721 сайн хичээл, 1547 сайн туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулсан юм. Үүнд 23885 багш хамрагдсаны нэг нь Сүхбаатар дүүргийн 69-р цэцэрлэгийн багш Ж.Банзрагч юм. Түүний дааж авсан анги нь бэлтгэл “Б” бүлэг. Өмнө нь тэрээр сурагчдадаа бэлдсэн үзүүлэнгийнхээ дагуу зуруулах, хайчилбар хийлгэх зэргээр ажилладаг байжээ. Харин саяхан Ж.Банзрагч багш ангийнхаа хүүхдүүдтэй хамт экологийн музей орж, тарвага үзэн зуруулахаар шийдсэн байна. Хүүхдүүд музейг сонирхон үзсэнийхээ дараа өдөр анги дээрээ тарвага зурах даалгавар авчээ. Багш энэ удаад урьдынх шигээ үзүүлэн бэлдсэнгүй. Хүүхдүүдийг өөрсдийнхөө хүссэнээр зурах даалгавар өгөв. Анги 50 хүүхэдтэй бөгөөд хүүхэд бүр уурласан, баярласан, уйлсан гээд өөр өөр зуржээ.Бяцхан сурагч Билэгдэмбэрэл “Багш аа, тэнд зөндөө олон шувуу байсан болохоор би шувуу зурсан. Та тарвага зур гэсэн болохоор үүрэндээ орж байгаа тарвага зурчихлаа. Энэ сүүл нь байна” хэмээн зургаа тайлбарласан байна. Энэ мэтээр хүүхдүүд зөвхөн багшийн загвар заавраар хичээлээ хийх биш өөрсдийнхөө сонирхолд тулгуурлах болсон нь боловсролын салбарт хийсэн хамгийн том алхам юм.
3000-6000 гэдэг нь бага мөнгө гэж зарим хүнд бодогдож магадгүй ч олон айл энэ зэргийн хэмнэлтийг хийснээр олон сая төгрөгийг хэмнэж, эрч хүчний хэрэглээгээ багасгах боломж бүрдэх юм.
Мөн “Сайн хичээл үйл ажиллагаа миний амьдралд” сэдвээр Баянхонгор аймгийн "Номундалай" цогцолбор сургуулийн 8в ангийн сурагч Н.Цэрэнлхам илтгэл тавилаа. Н.Цэрэнлхамын ангийнхан эрчим хүчний төлбөрөө хэмнэхийн тулд бие даан судалгаа явуулж, мэдээлэл цуглуулсан байна. Үүндээ тулгуурлан олон уриалга гаргажээ. Сайн хичээл үйл ажиллагааны хүрээнд 8в ангийнхны гэрийн цахилгааны төлбөр 3000-6000 төгрөгөөр хэмнэгдсэн тухай тэрээр илтгэлдээ дурдсан юм. Хэдийгээр 3000-6000 гэдэг нь бага мөнгө гэж зарим хүнд бодогдож магадгүй ч олон айл энэ зэргийн хэмнэлтийг хийснээр олон сая төгрөгийг хэмнэж, эрч хүчний хэрэглээгээ багасгах боломж бүрдэх юм. Энгийн жижиг алхмаас л их үйл хэрэг бүтнэ шүү дээ.
58-р сургуулийн зургадугаар ангийн сурагчид “Амны хөндийн ариун цэвэр, арчилгаа” сэдвээр мэдээлэл цуглуулснаа танилцуулав. Сайн хичээл үйл ажиллагааны хүрээнд тэд шүд өвчлөх шалтгаан, сойзны түүх, хэрхэн зөв сойз сонгох болоод ооны тэмдэглэгээ, үзүүлэх нөлөөний тухай ч судалжээ. Судалгаагаа танилцуулсны дараа тэд амаа байнга угааж хэвшиж, сойзоо тогтмол хугацаанд солъё гэх зэрэг байдаг уриалгыг гаргасангүй. Харин шүдний оог импортоор оруулж ирдэг аж ахуйн нэгжүүдэд хандан “Хүүхдийн ихэнх оо хар тэмдэглэгээтэй буюу химийн гаралтай оо байгаа учраас байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн ногоон тэмдэглэгээтэй оог оруулж ирэхийг уриалж байна” гэсэн юм. Шилдэг илтгэлүүд тавигдсаны дараа сургууль цэцэрлэгийн бяцхан сурагчид өөрсдийн мэдсэн сурснаа багш, эцэг эхчүүддээ тайлагнасан юм.
185-р цэцэрлэгийн “Бид ирээдүйн аваргууд” хэмээх таван настнуудын хамтлаг уран гимнастикийн үзүүлбэрээ чадмаг гэгч нь гүйцэтгэлээ. Энэ үзүүлбэрийг бэлдэхийн тулд хүүхдүүд үүрийн зургаан цагаас хойш бэлджээ. Дараагаар нь 141-р цэцэрлэгийн товшуур хөгжмийн хамтлаг үзүүлбэрээ үзүүлэхэд бэлдэн байраа эзлэв. Урлаг соёлын арга хэмжээнд бишгүй их оролцож, туршлагажсан боловч хүүхэд бол хүүхэд. Нэгнийхээ чихэнд юм шивнэхэд өнөөх нь сэмээрхэн гараараа үзэгчдийн суудал руу заахыг бодоход тэргүүн эгнээнд зогсох жаахан охин гэрийнхнээ хайсан бололтой.
Урлагийн тоглолтоос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс зэрэг спортын үзүүлбэрүүд, сурагчдын зохион бүтээсэн загварууд ч тайзныг эзэгнэлээ. Сурагчдын тоглолтын дараагаар сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хоёрдугаар шатанд шалгарсан төслүүдийн төлөөлөл болгон нийслэл, орон нутгийн 30 төсөлд тэтгэлгийн батламж гардуулж, сайн хичээл үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж буй багш нарт батламж олголоо. Ийнхүү “Зөв монгол хүүхэд-Хүүхэд бүрийг хөгжүүлэх” үндэсний чуулган “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн сүлд дуугаар өндөрлөсөн юм. Арга хэмжээний төгсгөлд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн талаарх багш, сурагчдын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл сургуулийн 3а ангийн сурагч Р.Буянбаярын ээж Б.Мөнхцэцэг: “Ном” хөтөлбөр хэрэгжсэнээр ном гэдэг бол хүүхдийн сурах бичиг, гарын авлага гэдгээр зогсохгүй хүүхдийг дотроос нь нээж, хүний амьдралыг өөрчилж болдог юм гэдгийг ойлголоо. Энэ чуулганд оролцсоноор хүүхдийнхээ авьяас чадварыг нээж чадсандаа маш их баяртай байна. Үнэхээр их зүйлийг мэдэж авсан. Манай гэр бүл номыг шимтэн уншиж, хоорондоо ярилцдаг болсон. Ингэснээр хүүхдүүд маань олон зүйлийг танин мэддэг. Мөн гэр бүлийн уур амьсгал маш халуун дулаан болсон. Амрах гэдэг зөвхөн буйдан дээрээ хэвтээд зурагт үзэх биш юм. Манай гэр бүлийн хувьд номоо уншиж, бие биедээ ярьж өгөх, зургийн уралдаан зохиох зэргээр амралтын өдрөө маш зугаатай өнгөрүүлэх болсон.
-Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн Н.Удвал: Би 36 жил бага ангийн багшаар ажиллаж 2010 онд тэтгэвэртээ гарсан. Сүүлийн жилүүдэд хүүхэд бүрийн хөгжил аян өрнөж байна. Үүний дагуу манай зээ охины сурдаг сургууль сүүлийн хоёр жил “Урилгат хичээл” аян өрнүүлсэн. Эцэг, эхчүүдээ бүх хичээлд урьдаг. Би гурван хичээлд суусан. Зээ охиныхоо өмнөөс хичээлд сууж, төрсөн сэтгэгдлээрээ эссэ бичсэн маань дэд байр эзэлсэнд баяртай байна. Өнөөгийн боловсролын салбар миний ажиллаж байсан үеэс тэс өөр болсон байна. Маш хурдацтай хөгжиж байгаад нь сэтгэл өндөр байна. Эссэ хамгаалах илтгэлийн уралдааныг үзэж байхад хүүхдүүдийн илтгэл ямар мундаг, сайн байна аа. Хүүхдүүд маш мундаг болжээ.
-Завхан аймгийн Улиастай сумын улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн захирал С.Юмчмаа: Би сургуулийн өмнөх боловсролын салбарт 25 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ихээхэн эерэг өөрчлөлтүүд гарч байгаа. Манай цэцэрлэг 11 бүлэгтэй. Хүүхэд бүрээ хүсэл сонирхолд нь тулгуурлаж хөгжүүлэхийн тулд ямар тоглоомоор тоглох нь илүү сонирхолтой байгаа тухай судалгаа авч, 11 бүлгээ 11 сургалтын төв болгон хувиргасан. Бага бүлгийн дүүдээ ах эгч нар нь мэдсэн сурснаар зааж өгдөг. Ийм эерэг өөрчлөлтийг цэцэрлэгтээ бий болгож чадсандаа маш их баяртай байна.
-Төв аймгийн III сургуулийн хичээлийн эрхлэгч Ж.Баяртогтох: Математикийн хичээлээр олж авсан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх чиглэлээр төсөл бичсэн маань шалгарч 3000 ам.долларын тэтгэлэг авлаа. Хоёр сар гаруйн хугацаанд судалгаа хийж, төслөө бичсэн. Үүнд багш, эцэг эх, сурагчдын оролцоо маш чухал байлаа. Ирэх хичээлийн жилээс эхлэн төслөө хэрэгжүүлнэ.
-Дорноговь аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн захирал Д.Цэрэнлхам: Манай сургууль бол БСШУЯ-ны харьяа үндэсний лаборатори сургууль. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт амьдрах ухааны чиглэлээр төсөл бичсэн. Энэ нь говьд зүлэг мод тарихыг хүүхдүүддээ сургах зорилготой төсөл юм. Яагаад говь гэхээр ургамалгүй байх ёстой гэж. Аргыг нь сураад хичээж ажиллавал говьд ногоон байгууламж бий болгох боломж бий. Анх боловсролын салбарт шинэчлэл хийх цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байхад яах бол гэж зориг мохож байсан. Харин хэрэгжүүлэх явцад хүүхдүүдэд ямар их ахиц гарч байгааг хараад багш нар маань урам зориг авч, эрч хүчтэй ажиллаж байна.
-Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Мэндсайхан: “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш манай сургууль дээр олон ажил хийгдсэн. Үүний нэг нь “Багш аа, надад авьяас бий" арга хэмжээ. Өмнө нь урлагийн үзлэгт гоц гойд хүүхдүүд нь ордог байсан бол одоо ангиараа идэвхтэй оролцдог болсон. Манай сургуулийн найрал дууны хамтлаг сүүлийн гурван жилд дүүрэгтээ гурван удаа тэргүүн байр, нийслэлд тэргүүн байр эзэлж, олон улсын тэмцээний Гран При шагналыг аваад ирлээ. Энэ бүхнээс “Авьяас” хөтөлбөрийн үр дүн харагдаж байгаа болов уу.