Монголын Медиа Корпораци БСШУЯ-тай хамтран ажиллана
2016.04.21

Монголын Медиа Корпораци БСШУЯ-тай хамтран ажиллана

Монголын Медиа Корпораци болон Боловсрол соёл шинжлэх ухааны яамны удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тодруулбал, энэ сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Зөв монгол хүүхэд” чуулган болж байгаа бөгөөд Монголын Медиа Корпораци уг чуулганыг дэмжин ажиллаж байгаа юм. Нийт гурван дэд хөтөлбөрийн хүрээнд явагдах “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр 2013 онд батлагдаж боловсролын чанарыг дээшлүүлэх, шинэчлэлийн ажлыг эхлүүлжээ.

Түүнчлэн Монголын Медиа Корпораци улс орны хөгжлийн гол үндэс нь мэдлэг боловсролтой, хүнлэг иргэн хэмээн үзэж байгаа бөгөөд ийн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар болж байгаа юм. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ММК-ийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш “Боловсролын салбарын шинэчлэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Монголын Медиа Корпораци  өөрийн мэдээллийн сувгууд болох Ийгл ньюс телевиз, Eagle.mn сайт, “Ардын эрх” сонин, “Тойм” сэтгүүл болон албан ёсны сошиал сувгуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлнэ” хэмээн онцолсон юм. Дашрам дурдахад, уг чуулганы хүрээнд БСШУЯ-наас 427 сургуулийн 450 төсөлд 2.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна.