Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна
2016.04.14

Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна

УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Түүнд ямар агуулга тусгасан бэ?

-Төрөөс боловсролын талаар баримтлах 10 жилийн бодлогоо шинэчлээд баталсан байгаа. Ингэхдээ Монгол орны эдийн засгийн хөгжил 2026 онд ямар байх, үүнд боловсрол ямар үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхой хийж өгсөн. Монгол мэдлэгийн эдийн засагтай, шинжлэх ухааны орон болно. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуйгаас татгалзана гэсэн үг биш. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх жинг огцом нэмэгдүүлнэ. Түүнийг бүтээх ард түмэн, залуу үеийг бий болгоход боловсрол өөрийн зорилгыг чиглүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа.

Мэдлэгийн эдийн засагтай буюу зөвхөн нүүрснээс хамааралтай эдийн засагтай орон биш байх энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролын зорилтыг маш тодорхой зааж өгсөн. Энэ бол хүний насан туршдаа хөгжих хөгжлийн суурь үе юм. Мөн бага боловсрол бол өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох чадвар гэх мэт чадварыг эзэмших суурь үе. Суурь боловсролоо  мэдлэг эзэмшихийн хажуугаар суралцах арга барилуудыг эзэмшсэн, шийдвэр гаргахад суралцсан, аливаад зөв хандах байдлуудыг эзэмшсэн байх зорилго агуулна гээд тодорхой зааж өгсөн л дөө.

Түүнчлэн ахлах боловсролын гурван жилд бие дааж суралцах чадварыг олгоно. Мэдлэгийн эдийн засагтай орон болохын тулд насан туршийн боловсрол эзэмшдэг тийм Монголын ард түмэнтэй, боловсролын тогтолцоотой болохюм. Иймэрхүүбайдлаар зорилгууд их тодорхой болсон байгаа. Дээд боловсролын дөрвөн жилийн хугацаанд тухайн мэргэжлийг өөрийн мэдлэг болгохоос гадна мэдлэгээ шингээж өөрөөр хэлбэл сэтгэн боддог, шинээр төлөвлөдөг. Сургууль төгсөөд гарахдаа өөрийн бизнесээ эхлүүлж чаддаг.

Тэр бизнесээ эхлүүлэхэд төр нь дэмжлэг үзүүлдэг байх зорилтуудыг дэвшүүлсэн. Сургууль болоод бусад байгууллагуудынхаа шинжлэхухааны чадамжийгнь өргөжүүлнэ. Шинжлэх ухааны үнэ цэн, зардлын хэмжээг нэмэгдүүлнэ. Ажиллах орчныг нь бүрдүүлж өгнө. Тухайлбал их сургуулийн багш нар  хичээл заахын хажуугаар судалгаа хийдэг цагтай, судалгааны ажлын орлоготой байдаг. Цаашдаа ажлынхаа үр дүнгээр эхлэлийн компани байгуулах юм бол тухайн компанийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бүрдүүлдэг болно. Бид саяхнаас хоёр ч шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг эхлүүлээд байна шүү дээ. Нэг нь хуучнаар Технологи инновацийн төв байсан бол одоо МУИС, ШУТИС-ийн дэргэдэх шинжлэх ухааны парк болж байна. Ийм цогц боловсролын шинэ бодпогыг УИХ баталсан.

-Бодлогын баримт бичигтэйгээ уялдуулаад Боловсролын тухай хуулиудын хэлэлцүүлэг явж байна. Үүнд орж буй өөрчлөлтийн талаар?

-Хуульд өөрчлөлтөө оруулаад эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна. Хуулийн өөрчлөлт дээр мэдээж сургуулийн өмнөх боловсролыг олгоход дээр хэлдэг хөгжлийн суурь үеийг хангахын тулд зайлшгүй хийгдэх тодорхой тодотголууд хийж байна. Бага боловсролоо дэмжсэн маш тодорхой бодлогууд орж байгаа. Жишээ нь, сумын сургуулийн сургалтын"-зардал' дээр итгэлцүүр тогтоогоод тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх хууль батлагдаж байна. Мөн малчны хүүхдийн нэгдүгээр ангийн боловсролыг заримд нь зайны сургалтын хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх санал хууль дээр дэмжигдээд явж байна.

Дээд боловсролын байгууллагуудыг бие даалгах, хараат бус болгох маш тодорхой санал санаачилгууд гарч ирж байгаа. Ялангуяа удирдах зөвлөл рүү эрх мэдлийг шилжүүлж байна. Удирдах зөвлөл нь хараат бус байх эрхийг нь хуульчилсан. Ашгийн төлөө ажиллах боломжийг нь гаргаж өгч байгаа. Нэг үгээр судалгааны ажлуудаар дамжуулаад дэргэдээ компани байгуулах, эдийн засгийг солонгоруулах боломж дээд боловсролын байгууллагуудад байна. Тийм учраас эрхийг нь шилжүүлж өгье гэж байгаа.

Мөн сургуулиудын чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийлээ.

Сүүлийн хоёр жил бид магадлан итгэмжлэлийн байгууллагыг хөл дээр нь зогсоохын тулд олон улсын магадлан итгэмжлэлийн бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Магадлан итгэмжлэлийн байгууллага нь хянадаг байхаас гадна хөгжүүлдэг энэ чадамжийг бид хийж өгсөн. Хуулиар бодитой магадлан итгэмжлэлээр орж байж хөтөлбөрөө батлуулдаг, сургалтын эрхээ авдаг магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын хөгжлийг тодорхойлдог, хаадаг, нээдэг эрхтэй бие даасан байгууллага гаргаж өгч байгаагаар том давуу талтай. Хувийн сургууль зөвхөн үүсгэн байгуулагчийн эрх мэдэлд байдаг биш хувийн сургууль ч хараат бус удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөл сургуулийнхаа хөгжлийг тодорхойлдог болно. Өөрөөр хэлбэл сургалтын байгууллага нэг хүнийх биш олон нийтийн байгууллага болж хөгжих шаардлагууд шинэ хуульд сууж байгаагаараа ач холбогдолтой.

-Малчны хүүхдийг заавал зургаан настайд нь сургуульд элсүүлэхгүй байж болох тухай асуудал олны анхаарлыг их татаж байгаа. Хэрэв малчдын хүүхэд сургууль завсардах эрхтэй болчихвол үеийнхнээсээ орхигдох, ингэснээр гадуурхагдаж малчин хэвээрээ үлдэх юм биш үү?

-Ер нь бол зургаан настайгаасаа сургуульд орж эхэлдэг зарчим өөрчлөгдөөгүй. Хуулиар зургаан настайгаасаа сургуульд орно. Үнэхээр амьдралын шаардлагаар долоон настайд нь оруулъя гэвэл зургаан настайд нь зайны сургалтад хамруулдаг байх юм. Зайны сургалтыг бид Архангай, Өвөрхангай аймгуудад туршиж үзсэн. Олон улсын байгууллагуудтай хамтраад туршилтын ажил хийчихлээ. Болж байна. Хүүхдийн хөгжил гэрийн нөхцөлд яаж хийгдэх вэ.

Яаж үлгэр ном зохиолтой танилцах ажлыг хийж болох вэ гэдэг ажлуудыг өнгөрсөн хоёр жил бид сургуулийн өмнөх боловсролыг хувилбарт сургалтаар малчдын хүүхдүүдийг сургах ажлыг зохион байгуулаад үр дүнд хүрчихлээ. Одоо тэр нэгдүгээр ангидаа үнэхээр дотуур байранд байж чадахгүй. Нөгөө талаар сургуульд  сурч чадахгүй хүүхдүүдийн талаар тодорхой шийдлийг сургуулийн зөвлөлд эрхийг нь олгож байгаа. Сургуулийн зөвлөлд багш, эцэг эх, төгсөгч, сум орон нутгийн удирдлагуудын төлөөлөл бий. Тэр улсууд ярилцаад зайны сургалтад хамруулах уу, дотуур байрандаа байлгах уу гэдгийг шийднэ.

Ер нь бол бид энэ дотуур байрны нөхцөл боломжийг сайжруулах бодлогыг хуульд хийж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, хувьсах зардлыг сумын сургууль дээр нэмж өгч байгаагийн цаад шалтгаан дотуур байрны нэгдүгээр ангийн хүүхдийн асрагч багш гэдэг орон тоог бий болгоё гэж байгаа. Хэрвээ асрагч багштай болчих юм бол нэг сумын дотуур байранд 7-10 нэгдүгээр ангийн хүүхэд байгаа юм. Тэгэхээр тэдэнд зориулсан бүтэн өдөр ажилладаг багш байна гэдэг бол заавал зайны сургалтад хамрагдахгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг. Тийм учраас бид уян хатан, нэг хоёр хүүхэд дээр асуудал гарвал шийдэж чаддаг байя гэж байгаа.

Түүнээс биш хавтгайрсан зүйл бол аль ч түвшиндээ явахгүй. Манай малчдын нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн тоо 10 мянга орчим байгаа. Үүнээс 600 гаруй нь долоон настайдаа ороод байгаа. Яг одоо тэгж ороод байгаа үзэгдэл байгаа байхгүй юу. Энэ байгаа нөхцөл байдлыг бид илүү хүүхдийн ая тух, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь харгалзсан, амьдралд нийцсэн байдлаар зохиох шаардлага байна. Бид хувилбарт сонголтуудыг бий болгож өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс долоон настай оруул гэсэн хууль биш шүү дээ.

-Хүмүүсийн дунд аль нэг сайд гарч ирээд боловсролын бодлогыг өөрчлөөд байгаа мэт ойлголт байдаг. Хүүхэд бүрийг тэгш хамруулах хөтөлбөрийг та эхлүүлсэн. Энэ цаашдаа хэр тогтвортой байх бол?

-Монголын боловсролын хөгжил бол улс орныхоо нийгмийн хөгжлийг тодорхойлж ирсэн л дээ. Одоо нийгмийнхээ хөгжпийг харахад манай улсад гарцаагүй мэдлэгт суурилсан нийгэм байгуулагдана. Мэдлэгт суурилсан нийгэм Монголд байгуулагдах юм бол энэ нийгмийг байгуулах улсууд нь хүн бүр хүн талаасаа хөгжсөн байх хэрэгтэй. Тухайн нийгмийг авч явах хүмүүсийг гаргаж ирэх, тэр нийгмийг бий болгох эздийг гаргаж ирэхийн тулд хүн бүрээ хөгжүүлэх шаардлагатай. Ингээд хүүхэд төвтэй сургалт руу ухрахгүйгээр урагшиллаа шүү дээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого нь өмнөх бодлогуудаас тэс өөр зүйл биш.

Манай багш нар үнэхээр хичээж ажиллаж байсан. Цаашдаа ч хичээж ажиллах болно. Харин төрийн бодлого нь өөрөө багш бүрийн, хүүхэд бүрийн хөгжлийг дэмждэг ийм төрийн бодлого байх хэрэгтэй. Энэ бол цаг үе нь өөрөө шаардсан шаардлага юм л даа. Мэдээлэлжсэн нийгэм бий боллоо. Хэдхэн жилийн өмнө гар утас гэж ямар юм байлаа. Компьютер юу байлаа. Маргаашийн гар утас, интернэтийн хурдыг төсөөлөөд үз. Маргаашийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл барилгын ажлыг төсөөлөөд үз. Барилга, автомашины стандарт бүгд хувьсан өөрчлөгдөнө.

Япон, Сингапур, Америк 2030 онд хөдөлмөрийн зах зээлээ харах юм бол үйлдвэрлэлийн  салбар ихэнхдээ автоматжих юм байна гэж байна. Тийм учраас энэ ард түмэн маань ямар ажил хийх вэ. Гарцаагүй дулаарлаас болоод хөдөө аж ахуй өөрчлөгдөнө. Монголын барилгажилтын ажилтехнологийн шинэчлэлээ дагаад өөрчлөгдөнө. Үйлдвэрлэл автоматжина. Тийм учраас Монголын ирээдүй яаж амьдрах вэ гээд ч харах юм бол цоо шинэ мэдлэг үйлдвэрлэдэг л ард түмэн болно. Нэг үгээр хэлбэл өөрөө өөрийнхөө амьдрах орон зайг тодорхойлж чаддаг болно. Үүнийг гаргаж ирэхийн тулд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого гарцаагүй цаашаа үргэлжлэнэ. Өнөөдөр дөрвөн жил яваад үр дүнгээ өгчихөж байгаа гэж болохгүй. Энэ бол урт хугацааны бодлого. Бид үүнд зориулж багш нараа бэлдэж байна.       

-Багшаар суралцвал сургалтын төлбөрөөс хөнгөлдөг хөнгөлөлтөөр үү? 

-Сүүлийн дөрвөн жил бид өндөр оноотой элсэгч буюу сайн сурдаг залуучуудаа үнэгүй сургалаа шүү дээ. Энэ залуус багш болж ажпын байран дээрээ очоод дахиад хөгжинө. Арынх нь залуучуудыг бид бас багш болгоно. Сургуулийн удирдлагын менежмент өөрчлөгдөж байна. Цахим засаглал бий болчихлоо.

Ингээд энэ юм цаашаагаа хөгжинө. Хөгжихдөө нэр томьёоны хувьд өөрчлөгдөж болно. Би дахиад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого  үргэлжлээд явахдаа нийгэмд их илүү нээлттэй боловсрол болж хөгжинө гэж харж байгаа. Нийгмийн илүү оролцоотой болно гэж харж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд оролцдог, музей номын сан сургалтын нэг хэсэг болж оролцдог болно. Дээд сургуулийн байгууллагатай Засгийн газар хамтраад асуудлаа шийддэг. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй, нийгмийг урагшлуулсан бодлого болж  дараагийн 2020 оноос хойш тийм хөгжил биднийг хүлээж байгаа.

Жишээлбэл, Дэлхийд өрсөлдөх монгол хүн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шилдэг сургуульд суралцаж байгаа бодлого улам л хүрээгээ тэлнэ. Урьд нь манайхаас жилд гурав дөрөвхөн хүүхэд дэлхийн шилдэг 100 сургуульд явдаг байсан бол саяын дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 350 хүрэх гэж байна шүү дээ. Энэ бол гайхамшиг. Дараагийн дөрвөн жилд 350 чинь 1000 хүрнэ. Тэрний дараагийн жилүүдэд 2000 хүрнэ.

Тэр залуучууд Монголдоо ирэхээрээ цоо шинэ зүйлийг хийнэ. 1000 инженер төсөл дуусахад 2000 инженер болж гарч ирнэ. 1000 инженер төслийн хүрээнд бид дэлхийн шаардлага хангасан 400 гаруй багштай болно. Дэлхийн шаардлагад тохирсон тэргүүлсэн инженерийн сургалтын хөтөлбөртэй болох юм. Одоо анагаахын их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэгт дэлхийн хүмүүс ирж сурдаг, судалгаа хийдэг төв болно. Тэгээд юм гэдэг урагшаа хөгжөөд л байна.

-Танай газрын даргатай холбоотой Мүүний шашны талаар нэг хэсэг шуугилаа. Түүнээс шалтгаалаад ажлаас халагдах өргөдлөө өгч, мэдээлэл хийсэн. Энэ үйл явдлыг юу гэж үзэж байна вэ?

-Хүүхдүүд чинь биднээс илүү болчихсон. Илүү байгаа нь мэдэгдээд байна. Жишээлбэл MIT-д дөрвөн жил тасралтгүй хүүхэд элслээ. Дэлхийн шилдэг 20 сургуульд тасралтгүй 50-60-аараа тэнцэж байна. Энэ чинь тэр их том том хүн амтай оронд ч олдоод байдаггүй чадвар шүү дээ. Мөн багш нараа муулдгаа боль. Ямар хичээл заахаа багш нар мэдэж байгаа. Тэд чинь боловсролтой хүмүүс шүү дээ. Ганц нэг дутагдал байж болно. Түүнийг нь 40, 50 мянган хүнд нялзааж ярьдгаа болих хэрэгтэй.

Багш нараа хүндэлдэг. хайрладаг болох хэрэгтэй. Тэд ар гэрээ хаяад зүтгэж байгаа шүү дээ. Тэд Л.Гантөмөр үүнийг заа гэхээр заадаг юм биш. Сургууль бол шинжлэх ухааны мэдлэг өгдөг газар. Энэ ямар ч шашинтай холбоотой байх үндэс байхгүй. Шинжлэх ухаан шашин хоёр чинь тусдаа зүйл. Шинжлэх ухаан бол батлагдсан нотлогдсон ажлыг ажил хэрэг болгодог. Шашин бол төсөөлөл шүү. Баталгаа байхгүй. Дахин хэлэхэд боловсрол бол шинжлэх ухаан. Одоо сонгууль дөхөхөөр янз бүрийн дайралт зөндөө ирэх байх. Боловсролын салбарыг ч тойрохгүй. Гэхдээ дөрвөн жилийн турш боловсролын салбарын тухай юу ч яриагүй хэрнээ одоо шүүмжилж байгаа хүмүүс бол улстөржиж л байгаа хэрэг шүү дээ.

Буруу байвал цаг тухайд нь анхааруулж байх хэрэгтэй биз дээ. Би тэр улстөржихийг хүсч байгаа хүмүүст зориулаад танай сониноор ганцхан үг хэлмээр байна. Монголын хүүхдүүд рүүгээ битгий нулимаарай. Монголынхоо багш нар руу битгий нулимаарай. Монголын боловсрол чинь 90 жилийн түүхтэй юм. Цаашаа улам хөгжиж, шинэчлэгдэнэ. Шинэчлэл, чанар, хөгжил гэдэг үгнээс битгий ай. Энэ чинь хийгдэх ажил. Өөрчлөлт гэдэг үгнээс битгий ай. Бүх хүн төрөлхтөн өөрчлөгддөг юм.

Тийм учраас урагшаа харъя, хөгжил рүүгээ явъя гэж хэлмээр байна. Хөгжлийг авчрах тэр ард түмнийг төрүүлье. Түүний төлөө л бид явах ёстой. Тэгж байж л энэ гүрэн үнэхээр сайхан амьдардаг ард түмэнтэй болно. Бусад юмаар улс төрөөхийцгээ. Боловсролоор улс төр хийх бол гэмт хэрэг шүү гэж хэлмээр байна. Монголын хүүхдүүд улс төрийн тапбар болж болохгүй. Өнөөдөр чаддаг юм бол энэ асуудлуудаа шийд л дээ. Байгалиа хамгаал л даа, уул уурхайгаа хөгжүүл л дээ, эдийн засгаа босго л доо. Тэр дээрээ маргалд.

-Б.Насанбаяр өргөдлөө өгч байгаагаа мэдэгдэж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?

-Тэр өргөдлийг надад өгдөг зүйл биш шүү дээ. Төрийн албаны хуулиараа яамны төрийн албаны салбар зөвлөлд өгдөг. Төрийн албаны салбар зөвлөл нь асуудлаа шийддэг. Мэдээж тэр ажил хийж байсан хүн гэнэт ажил өгөхөд хүрвэл ажлаа хүлээлцэх, зарим нэг зүйлээ эзэнтэй болгох гээд процессууд явагдах л байх.

-Та нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэг. Сонгууль дөхсөн энэ үед Сонгуулийн хуульд янз бүрийн өөрчлөлт оруулах санал гарч байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ирээдүйн Монголын хөгжлийг яаж хийх вэ гэдгийг бодож, үүний араас явдаг хүмүүс бол нэг, хоёр удаагийн сонгуулийг үнэхээр анзаардаггүй юм байна. Яг үнэнийг хэлье. Сонгуулийн хуулийн талаар анзаарч байгаа юм надад юу ч алга. Дахиаджаахан хугацаа байна. Энэ ахлах ангийн хөтөлбөрийг дуусгамаар байна. Бүтээлч оюутны тэтгэлгээ өгчихмөөр байна. Би бол энэ сонгуульд ямар хэмжээнд оролцож чадахаа мэдэхгүй байна. Үнэхээр анхаарахгүй байгаа. Тэр талаар бодох зав гарахгүй байна.

-Та ирэх сонгуулиар Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөх үү?

-Ардчилсан нам өрсөлд гэвэл өрсөлдөнө. Боль гэвэл болино. Бид чинь намынхаа даалгавраар л явж ирсэн хүмүүс шүү дээ. Миний улстөрийн амьдрал тодорхой болсон. Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна. Хүмүүс мөрөөдлөө гаргаад түүндээ улс төрийн олж авсан боломж бололцоогоо дайчлах нь надад зөв санагддаг. Юм болгон руу ороод зөв буруугийн талаар бодоод судлаад байх тийм цаг хэнд ч байхгүй. Тийм учраас нам яв гэвэл явна. Гэхдээ би хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг бодлогоо улам эрчийг нь авхуулахын төлөө улстөрийн үйл ажиллагаанаас ухрахгүй. Улс төр гэдэг дотор зөвхөн Их хурал ч юм уу нэг намын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Хэдэн мянган багш, эрдэмтэнтэйгээ хамтраад хийж байсан ажлаа улам өндөр түвшинд гаргахын төлөө зүтгэнэ.