Эрдэнэт хотын ногоон бүсэд хаус хороолол баригдаж байна
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Эрдэнэт хотын иргэдэд газар олгох боломж байгаа талаар мэдээлэл түгээснээр Баян-Өндөр хайрханы дэргэд 200 гаруй иргэн сайн дураараа гэр барьж шон хатгаж орхисон.
Гэвч Орхон аймгийн ЗДТГ-аас “хотын ногоон бүсэд харьяалагддаг учир иргэдэд өмчлөх боломжгүй хэмээн хэлжээ. Эдгээр иргэд Улаанбаатар хотод ирж бодит байдлыг тайлбарлан УИХ-ын гишүүн О.Содбилэгт энэ асуудлаар хандаад байна.
Орхон аймгийн хувьд хамгийн газар нутагтай ч хүн амын нягтаршил өндөртэй газар. Тиймээс энэ хотын хэмжээнд иргэдэд газар өмчлүүлэх ажил хамгийн их хүндрэл учруулдаг юм байна. Харин УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгийн мэдээллэж байгаагаар энэ бүс нь Улаанбаатар хотоор бол Зайсан толгой учраас Эрдэнэтийн дарга нар өөрсдөдөө авах, өндөр үнээр зарах зорилгоор түр зуур ногоон бүс гэх нэршилтэй болгосон хэмээх тайлбарыг хийж байлаа.
Улаанбаатар хотод Богд хан уулыг ногоон бүс байтугай тусгай хамгаалалтад авсан байдаг ч өнөөдөр бэл бэнчинтэй иргэдийн аж төрдөг тансаг хороолол болон хувирсан. Эрдэнэт хотын энэ бүс мөн ийм жишгээр явж байгаа учраас жирийн иргэд энд газар өмчлөх ёстой хэмээн үзэж байна.
Эрдэнэтийн энэхүү ногоон бүсэд Зайсан толгойн нэгэн адил хаус хорооллууд босоод эхэлсэн байна.
Орхон аймгийн иргэд энэ асуудлаар аймгиийн ЗДТГ-т удаа дараа хандсан боловч захиргаанаас хөөгдсөнөөс өөрөөр үр дүнд хүрээгүй байна. Тиймээс УИХ-ын гишүүн О.Содбилгийг Орхон аймагт ажиллах үеэр иргэд хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Тус аймагт сонгогдсон гишүүний зүгээс үнэхээр газар олгох боломж байгаа эсэхийг судалж ойрын хугацаанд хариу өгнө гэдгээ илэрхийллээ.