“Эрдэнэт медикал” оношилгоо эмчилгээний төв ашиглалтад ороход бэлэн болсон байна
2015.09.07

“Эрдэнэт медикал” оношилгоо эмчилгээний төв ашиглалтад ороход бэлэн болсон байна

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нар Эрдэнэт хотод баригдсан “Эрдэнэт медикал” оношлогоо эмчилгээний төвийн бүтэц, зохион байгуулалттай танилцлаа.

“Эрдэнэт” үйлдвэр ХХК нь “Тогтвортой хөгжил, менежмент” бодлогын хүрээнд энэхүү эмнэлгийг дэд бүтцийн хамт 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар буюу 51 сая ам.доллараар байгуулжээ.

Тус оношилгооны төв 2014-2015 оны хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж бүхий Японы Хитачи медикал компаний өндөр хүчин чадалтай аппарат, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр хорт хавдрын эрт үеийн оношилгоо хийх, зүрх судас, бүдүүн гэдэсний хорт хавдрын оношилгоо зэрэг бүх төрлийн шинжилгээг нэг дор цогцоор нь хийх боломжийг бүрдүүлжээ. 6800м.кв талбай бүхий 7 давхар энэхүү төвийн дотоод зохион байгуулалтыг Япон улсын эмнэлгийн стандартын дагуу хийж үйлчлүүлэгчид, эмнэлгийн ажилчдын хөдөлгөөний урсгал давхцахгүй байхаар зохицуулсан байна.

Мөн нян үрждэггүй шалны хулдаас, хана, лабораторын бохир зайлуулах хоолой, эмнэлгийн нэгдсэн хийн систем болон агааржуулалтын системээр тоноглогдсоноос гадна 180 автомашины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийджээ.

Орон нутагт анх удаа хамгийн сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий эмнэлэг байгуулсан нь эрүүл мэндийн салбар болон орон нутгийн хөгжилд оруулж буй томоохон бүтээн байгуулалт болж байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байлаа.

Нэг удаадаа 500 хүн хүлээн авах хүчин чадалтай тус оношилгооны төв мөн онлайнаар үйлчлүүлэгчдийн мэдээллийг авч улмаар 6-12 жил хадгалах боломжтой аж. Тус оношилгооны төвийг нээхэд бэлэн болсон бөгөөд цаашид үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломжтой газарт хүлээлгэн өгөх хүсэлтэй байгаагаа үйлдвэрийн удирдлагууд УИХ-ын гишүүдэд хандан хэлж байлаа. ХАХНХ-ийн сайд С.Эрдэнэ Япон улсын Эрүүл мэндийн сайдтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухайгаа илэрхийлээд, гэрээний нөхцөл, журмын дагуу хамтран ажиллах боломжийн талаар судлан хариу өгөхөө мэдэгдлээ.