УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар “Хөгжилтэй, Хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аян өрнөж байна  
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2015.06.17

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар “Хөгжилтэй, Хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аян өрнөж байна  

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санаачилгаар манай аймагт “Хөгжилтэй, хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аян өрнөж байна. Уг аян нь энэ сарын нэгнээс эхэлсэн бөгөөд хөгжмөөр дамжуулж хүүхдийг хөгжүүлэх зорилготой гэнэ.

Үүний хүрээнд УИХ-ын гишүүн О.Содбилэгийн санхүүжилтээр манай аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургууль, 26 цэцэрлэгт хөгжмийн зэмсэг хандивлах юм. Тодруулбал, Цэцэрлэгүүдэд үндэсний хөгжмийн зэмсэг буюу морин хуур, ёочин, болон хийл, даралтад хөгжим, металфон зэргийг өгөх юм. Уг аян өнөөдөр Улсын тэргүүний I цэцэрлэгт өрнөлөө. Тус цэцэрлэгийн хувьд урьд нь даралтад хоёр хөгжимтэй байсан.

Тиймээс “Хөгжилтэй, хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аяны хүрээнд олгосон хөгжмүүд нь хүүхдийн хөгжилд том хувь нэмэр оруулна гэж тус цэцэрлэгийн эрхлэгч үзэж байна. Тиймээс жилийн дараа өнөөдөр авсан хөгжмийн таван зэмсгээр хүүхдүүд хэрхэн тоглож сурсан тайланг тавихаар төлөвлөжээ. Нэгдүгээр цэцэрлэгт “Хөгжилтэй, хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аян өрнөсний дараа Эрдэнэт цогцолбор сургуульд хөгжмийн зэмсэг хандивлалаа. Уг аяны хүрээнд ЕБ-ын сургуулиудад басс болон соль гитар, даралтат хөгжим, бөмбөр, хийл өгсөн юм. Сургууль, цэцэрлэгүүдэд өгч буй хөгжмийн зэмсэг нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт бүрэн тохирсон гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.

Учир нь “Хөгжилтэй, хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аяныг хэрэгжүүлж эхлэхээс өмнө манай аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургууль, 26 цэцэрлэгүүдэд хөгжмийн зэмсгийн судалгааг явуулсан байна. Уг аян нь цаашид тогтмол үргэлжлэх бөгөөд хөгжмийн зэмсгийн нэр төрлийг жил ирэх тусам олон болгохоор төлөвлөжээ. Түүнээс гадна сургууль, цэцэрлэгүүдийн дуу хөгжмийн кабинет болон урлаг заалны тохижлтийг “Хөгжилтэй, хөгжимтэй Эрдэнэтийн хүүхдүүд” аяны хүрээнд тохижуулахаар зорьж байгаа гэлээ.