Залуучууд чуулж байна
Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын хөгжлийг дэмжих нь нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буйг таниулж, залуучуудын иргэний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Залуучуудын Эвсэл ТББ-аас “Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган”-ыг Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан зохион байгуулж байна.
Энэ чуулган нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас 2015 оны Олон улсын залуучуудын өдрийг “Залуучуудын иргэний оролцоо” сэдвийн хүрээнд зохион явуулахаар тогтсонтой уялдаж байгаа бөгөөд ХАХНХЯамны дэмжлэгтэй “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы хүрээнд зохион байгуулагдаж буй томоохон арга хэмжээ юм.
“Залуучуудын иргэний нийгмийн анхдугаар чуулган”-аар Монгол Улсын Үндсэн Хуулиар тунхагласан "Иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх" эрхэм зорилгод хүрэхэд залуучуудын утга учир бүхий идэвхтэй оролцоо зайлшгүй болохыг таниулж, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрахыг уриалсан баримт бичгийг батлах болно. Энэхүү баримт бичиг нь нийт залуучуудад хандахаас гадна ХАХНХЯ-ын Сайд С.Эрдэнэ, НҮБХАС-ын суурин төлөөлөгч Ноами Китахара нарт гардуулах аж.
Иймд энэхүү чуулганы уриаг “Залуус+Оролцоо=>Өөрчлөлт” хэмээн нэрлэсэн ба чуулганд Монголын залуучуудын эвсэлийн гишүүн байгууллагууд, бусад хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоо, НҮБХАС-ийн зорилтот аймаг, сум, дүүргийн ЗХТ болон олон улсын байгууллагууд, залуучуудын асуудал хариуцдаг ХАХНХЯ, бусад төрийн захиргааны байгууллагууд зэрэг нийт 300 орчим төлөөлөгч оролцож байна.
Чуулганыг зохион байгуулснаар залуучуудын эрх ашиг, сонирхолд нийцсэн үйл ажиллагаа өрнүүлж тэдний идэвх хариуцлагыг өндөрсгөх бөгөөд чуулганаас батлах баримт бичгийг хэрэгжүүлэхэд Монголын Залуучуудын Эвсэл болон залуучуудын байгууллагуудын хамтарсан төлөвлөгөө боловсруулан, нөлөөллийн ажлыг нэг жилийн хугацаанд зохион байгуулж, дараа жилийн чуулганд үр дүнг танилцуулах юм байна.