Төлөөлөгчдийг МҮЭХ-ны удирдлагууд хүлээн авч уулзав
Монголын Үйлдвэрчний эвлэл
2015.07.10

Төлөөлөгчдийг МҮЭХ-ны удирдлагууд хүлээн авч уулзав

БНСВУ-ын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нго тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай өнөөдөр уулзлаа.БНСВУ-ын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч Тан Тун Нго айлчлалын зорилгоо ийнхүү тодорхойллоо.

-Хоёр улсын хамтын ажиллагаа нийт иргэдийн сайн сайхны төлөө нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Монголын нийт ард түмэнд түүхт 94 жилийн баяр наадмын мэнд дэвшүүлье. Монгол, Вьетнамын найрсаг харилцаа өдрөөс өдөрт улам батжиж, улам ойртож Монголын ирээдүйн хөгжилд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт найдаж байна. Хоёр орны харилцаа олон жилийн түүхтэй. МҮЭХ-той үйлдвэрлэлийн чиглэлээр хамтарна. Үйлдвэрлэл хэрхэн хөгжүүлдэг юм, арга туршлагаасаа хуваалцана. Мөн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлд хамтрах бодолтой байна. Ялангуяа нарийн ногооны чиглэлээр ажилчид солилцох, арга туршлагаа хуваалцах бодол бий гэсэн юм.МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ, -МҮЭХ-ны урилгаар БНСВУ-ын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нго тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Тэдний айлчлал улсын найрамдалт харилцааг баталгаажуулах үндсэн зорилготой. 

Улс орны эдийн засаг, бизнесийн хөгжилд хэрхэн хамтрах вэ гэдэгт тогтож ярьж байна. Түүнчлэн мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр Вьетнам улс туршлагатай. Энэ хүрээнд ажиллах хүч солилцох үүд хаалга нээгдэж байгаад баяртай байна. Манай улсад цөөнгүй Вьетнамын иргэд ажиллаж амьдарч байна. Бизнес, нийтийн хоол, машин засварын чиглэлээр ажиллаж буй Вьетнам иргэдийн хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалах асуудлаар Элчин сайдаараа дамжуулан бидэнд хандсан. Энэ хүрээнд хамтарч ажиллах бүрэн бололцоотой. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хоёр улсын ҮЭ-ийн харилцаагаар тогтохгүй, жирийн иргэдийн эрх ашигт нийцэхүйц асуудал хэлэлцэж байна гэлээ.Уулзалтын дараа МҮЭХ-ны Хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Ганбаатар төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзан, дурсгалын зураг татууллаа.