Зайсангийн уугуул иргэдийн хүсэл биеллээ олов
Гурван парламент дамнан хэлэлцэгдэж байгаа Газрын тухай хуульд гарц байна уу?
Уг нь бол олон улсын туршлагаас харахад газар бол үнэхээр хөдлөшгүй хөрөнгө. Гэтэл манайхан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хотынхоо хамаг газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь бүү хэл хуваагаад идчихсэн ийм л түүхтэй улс шүү дээ.
Манай Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан. Бид 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон. Өөрөөр хэлбэл, 13 жилийн өмнө гарсан энэ хуулиас хойш газар шорооны тухай ойлголт яг үнэндээ өнгө мөнгөний асуудал байдлаар олйгоогдож ирсэн нь нууц биш. Тиймдээ ч нийслэлийн аль өөдтэй газар бүрийг эрх мэдэлтнүүд, эдийн засгийн ашиг хонжоо хайгчид цөлмөж дууссан биз дээ.
2012 оны сонгуулийн дараахан Яармагийн урд дэнж, Буянт-Ухаа орох замын урд биеэр газар хэмжиж, майхан сав барин гал манаж өнжсөн иргэдийн үйл хөдлөлийг эргэн санахад түүний цаана хүн бүр өөрийн өмчлөлийн газартай болох тэмүүлэлбайгааг нотолсон юм.
Нөгөө талаас энэ үйл явдал бол иргэдэд газар өмчлөх ажил хууль эрхзүйн хувьд боловсронгуй болж чдаагүйг харуулсан хэрэг байв. Цаг үеийн энэ шаардлагыг олж анзаарсан УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй нэр бүхий долоон гишүүн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн санаачилан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан.
Энэ хуулийн төсөлд газар өмчлүүлэх үйл ажиллагааг үе шаттай нарийвчлан зааж, өмнө нь бүрхэг байсан асуудлуудыг тодорхой болгож өгснөөрөө хэдэн алхам урагшилсан гэх үндэслэлтэй юм. Нөгөө талаас иргэн өмчлөх газраа эхний ээлжинд төрд албан ёснй бүртгэлтэй үнэт цаас хэлбэрээр бодит үнэ цэнэ болгох алхмыг хийж байгаа нь энэ хуулийн бас нэг шинэ санаа юм. Энэ мэтчилэн Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн таны, миний газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маш олон чухал заалт байгааг энэ дашрамд хэлэхийг хүслээ.
Түүнээс гадна бас нэгэн чухал шийдвэр саяхан гарсан нь Зайсангийн асуудал. Өөрөөр хэлбэл, Зайсан орчмын газар нутаг бол Тусгай хамгаалалтын бүсэд хамаардаг. Энэ утгаараа тэнд амьдарч байсан иргэдийн хувьд одоо байгаа газраа эзэмших бүр болохгүй бол ашиглах эрхээ олж авна гэдэг ёстой олон жилийн хүлээлт байлаа. Тэд газрын тухай хууль гарснаас хойш л бүх шатны сайд, даргын хаалгыг сахиж, уриа лоозон хүртэл барин тэмцэж ирсэн түүхтэй.
Гэхдээ энэ асуудалд гарц хайж, боломжит хууль эрхзүйн хувилбар юу байна гэдгийг тасралтгүй судлан өнөөдөр БОНХАЖЯ-наас таван жилийн хугацаатай Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмших гэрчилгээ олгуулах хүртэл арга хэмжээг гардан зохион байгуулсан нь Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нар юм. Энд бас БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хичээл, зүтгэлийг хэлэх хэрэгтэй.
Учир нь тэрбээр УИХ-ын чуулганы танхимд сайд болохдоо “Нэн тэргүүнд хийх ажлынхаа жагсаалтад Зайсангийн уугуул иргэдийг гэрчилгээжүүлнэ” гэсэн амлалтаа зургаан сарын дотор ажил хэрэг болгосон явдал байв. Ямартаа ч эхний ээлжинд Хан-Уул дүүргийн IV болон XI хорооны одоо амьдарч байгаа газар нь ямар нэгэн зөрчилгүй гэсэн 600 орчим иргэд газар эзэмших гэрчилгээгээ авлаа. Энэ бол эхэлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн төлөө бүхий л шатанд тууштай явсан эрхэм хоёр гишүүний хөдөлмөр зүтгэл гэдгийг Зайсангийн иргэд хэлж байна.
Нэг талаас энэ бол Зайсангийн Тусгай хамгаалалттай газар нутагт олон жилийн турш ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн дээрх иргэдэд одоо л нэг юм амар тайван амьдрах нь гэсэн итгэлийг төрүүлсэн сайхан мэдээ. Нөгөө талдаа энэ ажлыг гардан зохион байгуулсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын хувьд иргэдийнхээ өмнө амласан мөрийн хөтөлбөрийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлсэн зорилго нь байв. Зайсангийн уугуул иргэдэд газрыг нь эзэмшүүлэхийн төлөө тэд олон хүнтэй эвлэж нэг, эвдрэлцэж бас ам зөрсөн ч бий. Төрийн тэргүүндээ хүртэл асуулга хүргүүлж байсныг олон хүн мэднэ байх.
Ер нь Зайсан орчмын газар олголт бол үе үеийн сайд дарга нарын чихнээс хонх уяж, одоог хүртэл хэл ам нь тасрахгүй л байгаа сэдэв мөн. Саяхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр БОНХ-ын өмнөх сайд С.Оюуныг “Энэ ажлыг хийчихгүй яасан юм бэ. Боломж байсан нь л байна шүү дээ” гэх хатуу үгийг З.Энхболд дарга унагаж байна лээ. Гэхдээ нэгэн хуулийн зохицуулалт нь бүрхэг энэ асуудалд шинээр хуулийн төсөл боловсруулж байж шийдэх гарц байсан гэдгийг С.Оюун гишүүн хэлсэн.
Тэгэхээр одоо Тусгай хамгаалалтын тухай хуульд өөрчлөлт оруулж нэгэнт үүссэн байгаа уугуул иргэдийн асуудлыг нэг мөр шийдэх гарц үлдсэн гэдгийг энд дуулгая. Гэхдээ хуулийн өөрчлөлт нь зөвхөн уугуул иргэдэд хамаатай байхаар л зохицуулагдах юм. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад өндөр өндөр орон сууцны хороолол барьсан мөнгөтэй эрхмүүдэд огт хамаагүй гэдгийг тодотгоё.
Эцэст нь хэлэхэд Зайсан орчмын газрыг зөвхөн мөнгөтэй хүмүүс эзэмшдэг бус уугуул иргэд нь ч гэсэн шударга хуваарилалтын төлөө уриа лоозон барин зогссон олон жилийн тэмцлийнхээ үр дүнг олж авсан нь сайн хэрэг. Нэгэнтээ УИХ-ын гишүүн Л.Болдын хэлж байсанчлан “Иргэн газраа олж авахад төр туслагч нь байх ёстой” гэсэн үг Зайсангийн уугуул иргэдийн хувьд биелэлээ оллоо.