Сайд Д.Оюунхорол уугуул иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол
2015.06.29

Сайд Д.Оюунхорол уугуул иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа

Нийслэлийн ХУД-ын 4, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдийг төлөөлүүлэн 27 иргэнд өнөөдөр БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол газар ашиглалтын гэрчилгээг нь гардууллаа.

Уг асуудлыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг эхний ээлжинд газрын давхцалгүй, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт байршаагүй, нийтийн эзэмшлийн орц, гарц таглаж буугаагүй, аливаа шатны шүүхэд маргаангүй гэхчилэн ямар нэг зөрчилгүй нийт 302 иргэнд газрын гэрчилгээг нь олгохоор шийдвэрлэжээ.

БОНХАЖ-ын сайдаас газрын гэрчилгээгээ гардан авсан иргэдээс хамгийн өндөр настай нь ХУД-ийн дөрөвдүгээр хорооны иргэн 105 настай С.Дарь гуай байв. Тэрбээр гэрчилгээгээ аваад “Ядаж 70, 80 настай байсан бол хөгжлийн хормойноос зүүгдэх юмсан” гэж хэлээд ийм өндөр насалтлаа хүлээгээд шийдээгүй газрын асуудлыг нь шийдэж өгч байгаа Д.Оюунхорол сайдад насыг нь аваарай гэж ерөөв. Үүнээс өмнө БОНХАЖ-ын сайд дээрх хороодод ажиллаж иргэдтэй уулзах үедээ С.Дарь гуайнд очсон бөгөөд өчигдөр түүнд хувиасаа таван ханатай гэр бэлэглэсэн юм. Харин өнөөдөр газрын гэрчилгээгээ авлаа, бид дахин дахин уулзах ерөөлтэй улс юм гэж С.Дарь гуай баярлаж байв.

Уугуул иргэдэд газрын гэрчилгээг нь гардууллаа

 Арав гаруй жил янз бүрийн сайд дарга нарт хүсэлт тавиад шийдээгүй асуудлыг нь зургаахан сар ажиллахдаа шийдэж өгч байгаа БОНХАЖЯ-ны удирдлагад баярлаад барахгүй байгаагаа газрын гэрчилгээгээ авсан иргэд хэлж байв.

Иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлын бэлтгэлийг өнгөрсөн тавдугаар сараас хийж эхэлсэн. БОНХАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан, 1996 оноос өмнө амьдарч байсан иргэдийн судалгааг явуулж, уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн, асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайн ажиллажээ.

Уг ажлыг гүйцэтгэх явцад газрын хэмжээ харилцан адилгүй, нэг хашаан дахь айл өрхийн тоо олон, газрын маргаантай, орох гарах зай завсаргүй шахаж буусан, хаягийн шилжүүлэггүй гэх мэт олон бэрхшээл тулгарсан байна. Цаашид зөрчилгүй иргэдийн гэрчилгээг үргэлжлүүлэн олгох, зөрчлийг шийдэж болохуйц үлдсэн иргэдийн газрын асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллах юм гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.