Хавдрын эсрэг үндэсний аян  5 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ
Хавдрын эсрэг үндэсний аян
2015.07.07

Хавдрын эсрэг үндэсний аян 5 дахь жилдээ амжилттай хэрэгжлээ

Хорт хавдрын анхдагч ба хоёрдогч сэргийлэлтийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажил бол 2011 онд Хавдар Судлалын Үндэсний Төвөөс санаачлан ХААН банк, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран эхлүүлсэн “Хавдрын эсрэг үндэсний аян” юм.

Энэ аян 5 дахь жилдээ Орхон, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Төв, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай, Ховд Увс зэрэг 12 аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Архангай аймгийн Хангай суманд амжилттай хэрэгжлээ. Энэ жилийн “Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хаалтын ажиллагаа Эрүүл мэнд, спортын яаманд болж үр дүнгээ танилцууллаа.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийдэгдамба аяны хаалтын үйл ажиллагаанд оролцож аяныг 5 жилийн хугацаанд амжилттай зохион байгуулж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө нэгдэн ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшилийн байгууллагууд болох Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНРТ-ийн удирдлагуудлагуудад талархал илэрхийллээ.

 Энэ хугацаанд хүн амд эрүүл амьдралын дадал төлөвшүүлэх, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс, тэдгээрээс сэргийлэх, эрт илрүүлэлтийн ач тусын талаар ухуулан таниулах, эрсдэлт бүлгийн хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, орон нутгийн эмч,мэргэжилтэнүүд,сайн дурынханд тэнхимийн болон дадлагажуулах сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аяны хүрээнд олон нийтэд зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх 128500 ширхэг санамж, гарын авлага, зурагт хуудас, сэтгүүл түгээж, төвийн болон орон нутгийн телевиз, радиогийн 327 удаагийн ярилцлага, нэвтрүүлэг, олон нийтийн сонин хэвлэл, цахим хуудсаар 161 удаагийн мэдээ, нийтлэлийг хүргэсэн нь хорт хавдрын талаарх ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгч байна.

 ХААН банкны ажилтнуудаас 2063 сайн дурын идэвхтэнийг чадавхижуулах сургалтанд хамруулан, жил бүрийн 12 дугаар сард “Хавдрын эсрэг үндэсний сургалтын өдөр”-ийг тэмдэглэн, ард иргэд, албан байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулж хэвшлээ. ХСҮТ-ийн хавдрын мэс засал, элэг цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, толгой хүзүүний мэс засал, дуран, хэт авиан оношилгоо, хавдар судлаач, эс судлаач зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг 44,761 км замыг туулж, Монгол улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт хүрч ажиллахдаа орон нутагт 403 мэс ажилбар хийж, 421 эмч мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдуулан сургаж, “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн эрсдэлт бүлгийн 90922 хүнийг хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаас 14,662 (15,9%) хүнд хавдрын урьдал өвчин, хортой болон хоргүй хавдар илрүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. ХСҮТ-ийн хавдрын эрт илрүүлгийн тайлангаас харахад хорт хавдрын дөнгөж 20 орчим хувь нь эрт үе шатандаа оношлогдож байгаа бол аян хэрэгжсэн хугацаанд 39,2 хувь илэрсэн нь аяны гол үр дүн байлаа.

Хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болох хорт хавдраас сэргийлэх хянах үйлсэд нийгмийн хариуцлагаа эрхэмлэж, 720 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн ХААН банк, иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд мэдээллийн үнэтэй хувь нэмэр оруулсан МҮОНРТ болон орон нутгийн төр захиргаа, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор Хавдрын эсрэг үндэсний аян амжилттай хэрэгжлээ.