Харилцан ойлголцлын " Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа
Гарын үсэг зурлаа
2015.07.01

Харилцан ойлголцлын " Санамж бичиг"-т гарын үсэг зурлаа

Сонсголгүй хүүхдүүдэд ирээдүйдээ тахир дутуучуудын эгнээнд шилжилгүй жирийн хүмүүсийн адилаар сурч, амьдрах хамгийн эхний боломж нь “Дунгийн суулгац” юм.

Манай улсад 2009 оноос энэхүү эмчилгээг “ЭМЖЖ” эмнэлэг Австралийн Кохлеар фирмтэй хамтран “Дунгийн суулгац”-ын мэс заслыг эрчимтэй хийж эхэлснээс хойш одоогийн байдлаар 50 гаруй хүүхдэд суулгаад байна. Дунгийн суулгац хагалгааг хийлгэснээр таг дүлий хүний чих сонсгол, оюун ухаан, хэл яриа гэсэн гурван мэдрэхүйн эрхтний үйл ажиллагаа сэргэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эгнээнээс жирийн хүний эгнээнд шилждэг байна.

Энэхүү арга хэмжээг дэмжин ажиллахаар Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, “Австралийн Кохлеар фирмтэй хамтран ажиллах харилцан ойлголцлолын “Санамж бичиг”-т Эрүүл мэнд спортын яамныг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг, Австрали улсын Кохлеар фирмийг төлөөлж Син Ю Ли нар гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг улам боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

Дунгийн суулгац нь зүгээр нэг хагалгаа ч биш, урт хугацааны эмчилгээ, хяналт шаарддаг, хагалгаа, хэл заслын хичээл зэргийг цогцоор нь хийж байж үр дүн нь гардаг эрхтэн юм.

Дашрамд дурьдахад “ЭМЖЖ” эмнэлэг нь 2009 оноос хойш 18-47 насны 24 хүүхдэд дунгийн суулгац хагалгааг хийж, 5 хүүхдэд ясны сонсголын аппарат Baha-г тохируулснаар хүүхдүүд жирийн хүүхдүүдтэй хамт ердийн цэцэрлэгт хүмүүжиж, насанд хүрсэн хүмүүс нь бусдын адил ажиллаж, амьдарч чадаж байгаа аж.