УИХ-ын дэд дарга Н.Энхболд БНАУ-ын Элчин сайд ноён Сэм Геровичийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дэд дарга Н.Энхболд өнөөдөр БНАУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэм Герович болон элчин сайдын зөвлөх Паул Гибсон, Вейт Майк, Дэвид Лавсон нарыг хүлээн авч уулзлаа. Энэ жил Монгол – Австрали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны дөчин жилийн ой тохиож байгаа. Саяхан манай улсад БНАУ-аас Ерөнхий Консулын газраа нээсэн. Ойрын хугацаанд Элчин сайдын яам нээх боломжтой байгааг уулзалтын үеэр Элчин сайд ноён Сэм Герович хэлж байсан юм. 1990-ээд оны дунд үеэс БНАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай улсын иргэд мастерийн чиглэлээр Австрали улсад суралцаж эхэлсэн байна. Өмнө нь жилд хорин найман оюутан суралцдаг байсан бол одоо гучин найман оюутан болгож тоог өсгөсөн байна. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөгжилд түлхүү анхааран ажиллах болсон. Уул уурхайн салбарт Австрали улс тэргүүлэгч орон.
Ялангуяа инженер, техник технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг байна. Энэ ч утгаараа уул уурхайн инженерүүдээ Авсралид суралцуулах талаар харилцан санал солилцсон юм.Манай улсын эдийн засаг эрчимтэй өсч дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болж байгаа. Тиймээс Австрали улс ч Монгол улсыг ихээхэн сонирхож байгаа. Аль аль талдаа ашигтай хамтран ажиллах боломж байгааг УИХ-ын дэд дарга Н.Энхболд онцоллоо.