МОНГОЛ УЛС ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ЭСРЭГ ИХ ХОРИЙН ДАЯН ДЭЛХИЙН ГАЗРЫН САНААЧИЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2025.02.27

МОНГОЛ УЛС ЦӨЛЖИЛТ, ГАЗРЫН ДОРОЙТЛЫН ЭСРЭГ ИХ ХОРИЙН ДАЯН ДЭЛХИЙН ГАЗРЫН САНААЧИЛГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

ХБНГУ-ын Бонн хотноо хийсэн ажлын айлчлалын үеэр Их хорийн Даян дэлхийн газрын санаачилгын төв офисст зочлон, тус санаачилгын захирал Доктор Мюрали Таммаракудитай албан уулзалт хийлээ.Их хорийн Даян дэлхийн газрын санаачилга (G20 Global Land Initiative) нь дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилт, хөрсний эвдрэл зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны санаачилга юм. Энэхүү санаачилга нь газрын нөөцийг үр ашигтай ашиглах, хөрсний бүтцийг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих, байгаль орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажилладаг.

Др.Мюрали Монгол улс газрын доройтол, цөлжилттэй тэмцэх эрх зүйн орчноо сайжруулахдаа олон улсын туршлагаас суралцах, хууль эрх зүйн дэмжлэг авах боломжтой талаар дурдсан бөгөөд газрын доройтолтой тэмцэх чиглэлээр ажилладаг бизнесүүдийг дэмжих, инноваци шингэсэн шийдлүүдийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

G20 санаачилга нь газрын доройтолтой тэмцэх бизнесүүдийг санхүүжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд Монголын гарааны бизнес эрхлэгчдийг уг хөтөлбөрт хамруулах талаар ярилцлаа. Мөн их сургуулиудын сургалтын хөтөлбөрт цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг тусгах, багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлахаар боллоо.