Оросын тэргүүн хатагтай хаачив?
Оросын Ерөнхийлөгч Владимир Путины авааль гэргий Людмила Путина сүүлийн үед олон нийтэд үзэгдэхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг тасраад байна.
2013.01.21

Оросын тэргүүн хатагтай хаачив?

Эх сурвалжийн мэдээллүүдээс харж байхад, тэргүүн хатагтайг Псковын ойролцоох сүмд байгаа гэж зарим нь “цуурч” байхад, нэг хэсэг нь түүнийг Москва орчимд, Петербургт, бүр цаашлаад Парист эдлэн газартаа байгаа гэж таамаглацгааж байна.

Саяхан буюу, арванхоёрдугаар сарын 28-нд Кремлийн шинэ жилийн хүлээн авалт дээр Людмила Путинаг эцэг ламтан Кирилл, экс тэргүүн хатагтай Светлана Медведева нартай хамт нэг ширээнд сууж байхыг нь тэнд байсан 300 гаруй хүмүүс харжээ. Харин энэ хүлээн авалт телевизээр цацагдаагүй юм байна.

Мөн энэ сарын 6-ны өдөр Людмила Путинагийн 55 насны төрсөн өдөр тохиосон ба энэ талаар ямар ч сураг чимээ гаралгүй нам гүм өнгөрсөн байна. Авааль нөхөр нь энэ өдөр эхнэртэйгээ хамт байхын оронд францын “зугтагч” том биетэй эрийн мөрийг нөхөрсгөөр тэврэн, Хар далайд түүнд оросын иргэний паспорт гардуулаад сууж байсан гэх.

Путин харьцангуй нас тогтсон буюу 30 настайдаа гэрлэжээ

Людмила Путина гэж хэн бэ? Калининградаас гаралтай энэ эмэгтэй Путинтэй танилцах үедээ Калининградын нисэх хүчинд онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Калининград тухайн үед хаалттай хотод тооцогддог байсан тул зөвхөн дотоодын нислэг үйлддэг байсан аж. Людмилагийн дурсамжаас сонирхож байхад, тэрээр нэг удаа Ленинградад гурав хоног ажлаар очоод байхдаа анх Путинтэй танилцсан байна. Түүнтэй хамт очсон найз бүсгүй нь тэнд танилтай байсан ба Путин тэр танилынх нь найз байж таарчээ. Ингээд залуус танилцан, Ленинградад гурван өдөр театрт тоглолт үзэн, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Тухайн үед Путин Улсыг аюулаас хамгаалах газарт тагнуулчаар ажилладаг, үзвэрийн билет зэргийг хаанаас ч олчихоор, тогтсон нөлөө бүхий ажилтай залуу байжээ. Гэхдээ их даруухан, хэний ч нүдэнд торохооргүй, энгийн нэг туранхай шар залуу байсан аж. Люда ч хамгийн анх түүнийг хараад огт тоогоогүй юм байх. Хэтэрхий даруухан, бараг ядуу ч гээд хэлчихээр сүр золбоогүй хувцасласан, байдаг л нэг залуу. Харин танилцаад, дотносоод ирэхийн цагт түүнд хүнийг өөртөө татах сайн чанарууд байгаа нь мэдэгдэж эхэлсэн байна. Ингээд танилцсанаас хойш гурван жил гаруйн дараа тэд гэрлэцгээжээ. Удалгүй 1985 онд анхны охин Маша нь мэндэлж, түүнтэй тэрсхэн дүү охин Катя нь Путиныг БНАГУ-ын Дрезденд ажиллаж байхад төрсөн аж. 1986 онд тэд Германд очих үед Люда их сургуулиа төгсчихсөн, Маша нь нэг ойтой, хоёр дахь хүүхдээ "олчихсон" байжээ.

Тэд гэр бүлээрээ Германд 1986 оноос ажиллаж байгаад 1990 онд Берлиний хана нурсны дараа нутагтаа буцаж ирцгээсэн байна.

Ерөнхийдөө Путин 1975-1991 онд КГБ-д 16 жил ажиллажээ,мэргэжлийн тагнуулчаар. Германд байхдаа гадаад тагнуулын алба эрхлэн, социализмын хамгийн том “дайсан” НАТО-гийн баримтыг цуглуулдаг байсан аж. Орост буцаж ирснээсээ хойш албан тушаалын шатаар аажмаар дээшилсээр төрийн тэргүүний суудалд баттай заларсан нь түүний хувь хүний чадвар, олон давуу чанаруудтай нь салшгүй холбоотой юм.

Сүүлийн жилүүдэд түүний гэр бүлийн харьцааны талаар янз бүрийн мэдээлэл цацагдах болсон ба хэр үндэслэлтэйг нь тогтооход бэрх.

 Нэг хэсэг түүнийг алдартай гимнастикч байгаад төрийн Думын депутат болтлоо дээшилсэн Алина Кабаеватай янаг амрагийн харьцаатай хэмээн шуугиж, энэ талаар Кремлийнхэн андахгүй, тэр бүү хэл дундаасаа хүүхэдтэй болсон гэлцэж байсан билээ. Мөн өөрийн хувийн зурагчин Яна Лапиковатай нэр холбогдоод амжсан. Гэвч цуу яриа зарим талаар улс төрийн зорилго агуулж байх нь олонтоо тул тэр бүр итгээд байх хэцүү. Тэдний гэр бүлд ойр байдаг эх сурвалжийн яриагаар, тэргүүн хатагтай, Алина Кабаеватай тэр цуурхлаас хойш уулзсан ба хөгшин, залуу хоёр бүсгүй үс гэзгээ зулгаалцан муудалцахын оронд, харин ч кофе уунгаа маш хөгжилтэйгөөр ярьж хөөрөн, тас тас инээлдээд сууж байсан гэнэ.

Ямартай ч, 1994 онд авто осолд орон, хүнд хагалгаа хийлгэж амь аврагдаж байсан, Калининградчуудын хайртай эмэгтэй, Оросын тэргүүн хатагтай Людмила Путина ихэнх хүмүүсийн хувьд “үл үзэгдэгч” болоод удаж байна. Гэвч зарим шинжээчид түүнийг хэрэгтэй хэрэггүй юманд хошуу дүрээд байдаггүй, өөрийн байх ёстой газраа “сайн мэддэг” эмэгтэй хэмээн дүгнэж байгаа аж.