Башир Асадын башир арга
Сири улсын ерөнхийлөгч Башар Асад
2013.01.08

Башир Асадын башир арга

Хоёр сарын турш чимээгүй байсан Сирийн ерөнхийлөгч Дамаскийн дуурийн театрт зайгүй цугласан олны өмнө 55 минутын турш үг хэллээ. Улс оронд юу болоод байгаа, яах ёстой гэж бодож байгаагаа тэрбээр ард түмэндээ төдийгүй гадаад ертөнцөд танилцуулав. Түүний төлөвлөгөөг дотоодод нь, тухайлбал босогчид яаж хүлээж авсан нь одоогоор бүрэн тодорхойгүй, харин АНУ "бодит байдлаас хол тасарсан" гэж үзсэнээ өчигдөр мэдэгджээ.

Башар Асад үүнээс өмнө цаг үеийн асуудлаар ард түмэндээ арваад удаа хандаж байв. Эхлээд суурь өөрчлөлт амласан боловч биелүүлээгүй. Дараа нь улс орноо хүнд өвчинд нэрвэгдсэнийг дуртай дургүй хүлээн зөвшөөрөөд, анагаах арга олсноо мэдэгдсэн боловч мөн л анагааж чадаагүй. Удаад нь "эвлэрдэггүй дайснуудаа халуун төмрөөр хайраад өгнө, харин бусадтай нь учраа олчихно" гэсэн боловч үр дүн гарсангүй, харин ч эсрэгээрээ, бослого улам бүр хүчээ авсан үр дүнтэй өнөөдөр сууж байна. Харин зургааны өдөр түүний хэлсэн үг өмнөхүүдээсээ баахан ялгаатай юм. Учир нь тэрбээр сиричүүдэд төдийгүй өөрийг нь ширээнээсээ шилжихийг шаардаж буй гадаад улсуудад хандсан билээ.

Амь үрэгдсэн сиричүүдийн фото зургаар эвлүүлсэн аварга том төрийн далбаагаар тайзыг нь чимсэн дуурийн бүүдгэр театрт хар костюм, нударганы чинээ томоор зангидсан хар зангиатай ерөнхийлөгч сталинч маягаар "Ах дүү нар аа!" хэмээн үгээ эхлэв.

Түүний үг хэлсэн орчин оршуулгын гэмээр байдалтай байлаа. Өдөржин шөнөжин буудалцаан, үхэл хагацал, өлсгөлөн гуйланчлал дунд амьдарч буй ард түмнийхээ амьдралыг тэрбээр мэдэхийн цаагуур мэдэж байгаа хүний ёсоор дурайтал нь зураглаж үзүүлэв. Энэ нь ч үнэхээр бодит амьдралын дүр зураг. Харин ийм байгаагийн буруутнаар тэрбээр  гадаадын  алан хядагчдыг тодруулав. Түүнийг олны өмнө гарч зогсоод толгойгоо шаагаад унах байх гэж хэн ч бодоогүй нь мэдээж боловч өөртөө хумсын чинээ ч хир халдаасангүй. Харин ч өөр арга сонгосон байна. Өмнө нь тэрбээр өөрийнх нь засаглалыг таашаадаггүй хүмүүс улс оронд нь бийг хүлээн зөвшөөрч байсан бол энэ удаа үүнийгээ болиод, өөрийг нь эсэргүүцдэг бүх хүнийг хилийн чанадаас дэмжүүлж тэдэнд хөлслөгдсөн гадаадынхан гэж зүхэв. Чухам тэд л сиричүудийг хөнөөх төдийгүй хооронд нь алалцуулж байна гэнэ. Гадаадын хөлсний этгээдүүдийг тэрбээр "алан хядагч", "хэт даврагч", "Аль Кайдагийн сүлбээтнүүд" гэхчлэн амандаа орсноороо хараасан нь хэдэн арван минут үргэлжилжээ. Түүнийхээр бол Сирийн хамаг зовлон хорвоогийн өнцөг булан бүрээс сиричүүдийн энх тайван амьдралыг бусниулахаар цугласан бавгар сахалтай лалынхнаас болж байгаа аж. Гэхдээ дайсны жагсаалт үүгээр дууссангүй. Сахалтуудыг гар хөлөө болгож буй гадаад орнууд л муу муухай бүхний үндэс гэнэ.

Ерөнхийлөгчийг эсэргүүцэгчид нэг сайхан нартай өглөө буу зэвсгээ галд хийж, цэвэрхэн хувцас сольж өмсүүтээ олуулаа инээлдсээр санал хураах байр руу дуулаад алхчихна гэдгийг төсөөлөхөд ч хэцүү.

Үүний дараа тэрбээр барааны захын худалдаачны аялгаар, сөргөлдөөнийг улс төрийн аргаар зохицуулахаар ямагт чармайж ирснээ тунхаглав. Асуудлыг шийдэх ганц сайн арга бий нь яриа хэлэлцээр гэнэ. Гэхдээ шүдээ хүртэл зэвсэглэсэн хөлсний этгээдүүд бол хилийн чанад дахь эздийнхээ зарцаас цаашгүй тул тэдэнтэй яриад байх юм огт үгүй аж. Гэвч тэдгээр эзэдтэй эв нь таарвал ярьж хөөрч, шийдвэр гаргаж болох бөгөөд ингэхийн тулд "зарим   улс"   босогчдыг   дэмжихээ больж Сиритэй хиллэсэн хилээ хаах ёстой гэнэ. Энэ үгээрээ тэрбээр, хувь заяагаа аврахын тулд Барууны орнууд болон Арабын хаант улсуудтай наймаа хийхэд бэлэн байгаагаа тунхаглах нь тэр. Босогчдын тухайд Басад тэднийг "хувьсгалчид" гэж үзэхгүй байх шалтгаанаа удтал тайлбарлав. Юуны түрүүнд тэрбээр хувьсгалыг зөв зүйтэй үйл хэрэг гэж үздэгээ хэлжээ. Түүний бодлоор хувьсгал гарсан улс орон хурдан хөгждөг, гэхдээ зарим нөхцөл биелж байж ингэдэг гэнэ. Зөв хувьсгал бол гол хувьсгалчийн мэргэн удирдлага доор хэрэгждэг, тэрхүү гол хүн нь урьдаа тавьсан зорилготой, сэтгэгч хүн байх ёстой аж. Мөн хувьсгалыг хилийн чанадаас дэмжээд ирвэл бурууддаг бөгөөд жинхэнэ хувьсгал бол цэвэр дотоодын бүтээгдэхүүн байх ёстой гэнэ. Гэтэл өнөөгийн энэ үйл явдал бол мэргэн удирдагч, үзэл санаа байхгүй, зэвсэг болон бусад хангалт, санхүүжилт нь гаднаасаа байгаа аж. Чухам ийм учраас Басад өөрийгөө эсэргүүцэгчдийг хувьсгалчид биш, харин дээрэмчдийн бүлэг хэмээн нэрлэв.

Түүний эцэг Хафез Асад хоёр ч удаагийн төрийн эргэлтийг амжилтанд хүргэлцээд 1982 онд ерөнхийлөгч болсон хойноо Хама хотод гарсан бослогыг цус урсган дарахдаа 20-30 мянган хүнийг хүйс тэмтэрсэн юм.

Хувьсгалын зөв буруугийн тухай үзлээ Сирийн ерөнхийлөгчид эцгээс нь өвлөгдсөн бололтой.

Хафезын хувьд дарангуйлагчийн зам харгуй шулуухан байсан бол Башарын хувьд тиймгүй байна. Эцгийнхээ урсгаснаас хоёр дахин их цус урсгаад ч тэрбээр өөрийгөө эсэргүүцэгчдийн эгнээг улам тэлсээр. Түүнийг цээжээрээ хэчнээн хамгаалдаг хүн ч гэсэн ямар ч танк, пуужин, онгоц байлаа гээд энэ иргэний дайнд Басад алдаж дуусна гэдгийг ойлгохоор болжээ. Төрийн төмөр нүүр гаргаад нэмэргүй нь гэдгийг ойлгосон ерөнхийлөгч сиричүүдийн хөлд суухаар шийджээ. 

Тэрбээр энэ удаа иргэддээ шинэ Үндсэн хууль, чөлөөт сонгууль амласан бөгөөд Үндэсний ассамблей гэдэг нэг байгууллага гарч ирээд, ардчилсан Үндсэн хууль боловсруулж түүнийгээ бүх нийтийн санал асуулгаар зөвшөөрүүлэх талаар, харанхуй театрын тайзнаас ярив. Үүний дараа шинээр байгуулагдах Засгийн газар парламентын сонгуульд бэлдэж улмаар амжилттай зохион явуулна гэнэ. Харахад үнэхээр сайхан төлөвлөгөө. Гэхдээ энэ төлөвлөгөөг биелүүлэх замд нэг мундаг том бул хар чулуу тээглээд байгаа нь Сирид хоёр дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайн юм.

Басадыг үг хэлсний дараа "ах дүү нар" нь тайзнаа бөөнөөрөө уралдан гарч, хошуу хүрсэн газраа түүнийг үнсэж үнгэв. Тэд "Башар, чиний төлөө амь насаа өргөе!" хэмээн хашгиралдаж байлаа. Удирдагчдаа, түүний үзэл санаанд итгэх итгэл найдвар ямар ч байсан тэдэнд үлдсэн бололтой.

Б.Асадын ээлжит төлөвлөгөөг хүний толгой эргүүлэх бас нэг башир арга хэмээн босогчид эхнээсээ дүгнэж байгаа тул алга ташин хүлээж авахгүй нь тодорхой байна. Басадыг албаа өгөөд зайлж алга болбол шинэ Үндсэн хууль, санал асуулга, Үндэсний ассамблей энэ тэр гэхгүйгээр дайн аяндаа дуусна хэмээн босогчид хэдийнээс мэдэгдсэн. Тов тодорхой энэ байр суурьт нэг тээг бий нь Басад үхэж байж л тэдэнд байраа тавьж өгнө хэмээн мэдэгдсэн явдал юм. Харин босогчдын ойлгуулснаар, тэд энэ хувилбарыг хүлээж авахад бэлэн байгаа ажээ.
Гадаадын ажиглагчид Басадын хэлсэн үгийг "сөргөлдөөнийг эцэс төгсгөл нь мэдэгдэхгүйгээр үргэлжлүүлэх жор" гэж нэрлэв. Өөрөөр хэлбэл түүний үгнээс, ач холбогдол бүхий нэг ч санаачлага харагдаагүй байна. Гэхдээ үүний эсрэг бодолтой хүмүүс бас байх ажээ.