Жирийн ямаачны хүү ОБАМА
АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Барак Обама энэ цаг үеийн хамгийн алдартай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байна. Кенийн жирийн нэгэн ямаачин Барак Хуссейны хүү Обама эрх чөлөөний орон, хүсэл тэмүүлэл далласан Америкийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
Барак Обамагийн аав Барак Хуссейн Кенийн Няанза аймгийн Луо омгийнх. Тэрээр англичуудын зарц байсан нэгэн. Бусад кени эрчүүдийн адил эцэгтэйгээ хамт ямаа хариулж, амьдралаа залгуулдаг байж. Барак Обамагийн түүх намтрын гол зангилаа, хувь тавилангийн тайлал нь түүний эцэгтэй салшгүй холбоотой гэж хэлж болно. Тэрээр энэ тухайгаа "Ааваас минь өвлөсөн мөрөөдөл" номондоо дурдсан байдаг юм.
Барак Хуссейн жирийн ямаачин байснаа сурлага, хөдөлмөрийнхөө хүчээр АНУ-д тэтгэлэгтэйгээр суралцах эрх олж авсан нь амьдралаа шинээр нээх боломж олгосон гэдэг. Ингээд ямаачин залуу Америкийн Хавайд ирж суралцаж. Энэ үед тэрээр америк гэр бүлээс гаралтай цагаан арьст Стенли Анн Дунхамтай танилцан гэр бүл болжээ.
Энэ бол 1960 он. Дараа жилийн наймдугаар сард залуу хосууд үрийн зулай үнэрлэж, нуган үрдээ Барак Обама гэх нэрийг хайрлажээ.
Барак Обама "Хэрэв аав минь хувь тавилантайгаа эвлэрч, ямаагаа хариулаад явсан бол би хорвоод мэндлэх байсан уу. Аав минь Хавайд ирээгүй байсан бол ээжтэй минь учрах байсан болов уу гэж би өөрөөсөө асуудаг байлаа. Энэ асуултыг өөрөөсөө асуух бүртээ аавдаа баярладаг" хэмээн ярьсан байдаг. Гэхдээ тэрээр өөрийгөө ямаачин, малчны хүү гэдгээ хаана ч ярьж, ааваараа үргэлж бахархдагаа илэрхийлдэг нэгэн.
19 настай Обама эмээгийнхээ хамт. Кени
Судлаачид Барак Обамагийн амьдралын эргүүлэгтэй мөч нь түүний эцэг эх хоёр тийш болсон үеэс Ерөнхийлөгч болох үе гэж тайлбарладаг. Учир нь түүний эцэг эх салж тус тусдаа амьдрах болсон нь бяцхан хүүгийн амьдралд их нүүдэл суудлын эхлэл болжээ. Барак Хуссейн Аннаас салсныхаа дараа Америк руу Харвардад докторын зэрэг хамгаалахаар явсан ч төд удалгүй Кени рүүгээ буцсан байдаг. Тэрээр харийн газарт мөнгө төгрөггүй, нааш гэх ганц ч айлгүй учир арга буюу нутаг буцсан нь тэр.
Харин Анн Лоло Соеторо гэх индонез залуутай гэрлэж, хүү Барак Обамагаа аваад Жакарта руу нүүв. Обамаг арван нас хүрэнгүүт Анн Хавайд эцэг эх дээрээ буцаж ирсэн байдаг.
Ингээд Обама Хавайн алдарт Пунахоугийн академид элсэн орж 1979 онд онц дүнтэй төгсчээ. Түүнийг суралцаж байхад сургуульд нь түүнтэй нийлээд гуравхан өнгөт арьстан байсан нь ертөнцийг таних, хүн хоорондын харилцаа, ялгаа зэргийг ухааруулсан гэдэг. Хэдий арьсны өнгөөр ялгагддаг ч Обама төрсөн болон хойд эцэг нар шигээ лалын шашинтан байсангүй. Католик сургуульд сурч, ээжийнхээ аав ээж буюу өвөө эмээгийнхээ өгсөн хүмүүжлээр жинхэнэ америк хүмүүжил, сэтгэхүй, боловсролыг олж авсан байдаг. Ийм жаягаар хүмүүжсэн нь түүнд нийгэмд байр сууриа хурдан олоход маш их дэмжлэг үзүүлсэн.
Тэрээр Колумбийн их сургуулийг улс төрийн чиглэлээр дүүргэчихээд Чикагод олон нийтийн байгууллагад хэсэг ажиллаад дараа нь Харвардын их сургуульд оржээ. Аавынх нь хүсч байсан ч төгсч чадаагүй сургуулийг Обама амжилттай дүүргээд зогсохгүй тус сургуулийн хуулийн сэтгүүлийн ерөнхий редактороор ажилласан нь зуу гаруй жилийн түүхтэй алдартай сэтгүүлийн анхны өнгөт арьстан ерөнхий редактор гэгдэж олны хараанд өртжээ. Обама аавынхаа төгсч чадаагүй сургуулийг дүүргэснээр аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж үздэг.
Ийнхүү улс төр, хуульзүйн ухааны чамгүй мэдлэгтэй идэрхэн залуугийн улс төрд орох замнал энэ үеэс эхэлсэн юм.
Түүнийг улс төрийн салбарт цойлон гарч ирэхэд өрсөлдөгч, үл тоогчдоос эхлүүлээд саад бэрхшээл их байжээ.
Гэхдээ тэр бүгд түүнийг ирлэж, зүлгэж улам өнгө оруулдаг байв. Тэрээр 2004 онд Ардчилсан намын их хурал дээр аавынхаа туулсан амьдралыг өгүүлж "Би жирийн малчнаас төрийн албан хаагч болж өөрийгөө ялан дийлсэн, тэмцэгчийн хүү" гэдгээ зарласан. Илэн далангүй яриагаар өөрийгөө танилцуулсан нь түүнийг ард түмэнд нээж, нэр хүндээ өсгөхөд ихээхэн тус болсон юм.
Барак Обамагийн хувьд нээлттэй, ил тод гэдгээрээ ард түмнийхээ сэтгэлд нийцдэг. Төрийн тэргүүнийх нь хувь амьдрал хэзээд америкчуудын хувьд хаалттай сэдэв байдаггүй. Ялангуяа Обамагийнх. Тэрээр ч ийм байхдаа дуртай.