Хүүхэд хамгааллыг дэргэдээсээ эхлүүлье
Эх орны минь ирээдүй энх, амгалан байг. Энэ л зорилгоор Монголын төр засгийнхан, хүүхдийн төлөөх байгууллагууд, олон улсын төлөөлөгчид хоёр өдрийн турш зөвлөлдөв.
Манай улсад сүүлийн үед хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж, бусдын буруутай үйлдлээс амь насаа алдсан, хүчирхийлэлд автсан, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол гарсаар байна. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн санаачлагаар “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” чуулганыг анх удаа зохион байгуулсан.
Чуулганд УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухаан, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, Ерөнхийлөгчийн хүний эрх, нийгмийн оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газрын дарга И.Нарантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл болон орон нутгийн хүүхдийн төлөөх байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Тэд хүүхэд багачуудыг хамгаалах, хөгжүүлэх, тэдэнд гэр бүл болон нийгмийн таатай орчныг бүрдүүлэх зөвлөмж, шийдвэрийг гаргахаар зорьжээ. Хүүхэд хамгааллын чуулганд амжилт хүсч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар баярын илгээлт ирүүлсэн байв.
Хууль тогтоомж, төсөл хөтөлбөр хангалттай бий, гэвч түүнийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл дутаж байна
Монгол Улс 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг боловсруулан баталсан түүхтэй. Түүнчлэн манай улсад “хүүхдийн” гэх тодотголтой хууль тогтоомж, төсөл хөтөлбөр, эрхзүйн акт хангалттай бий. Гэтэл хүүхдийн эрх зөрчигдсөөр буй нь хууль хэрэгжихгүй байгаагийн тод илрэл. Үүнийг чуулганд оролцсон нэгэн эрхэм “Хууль тогтоомж хангалттай байна. Гагцхүү хуулийг хэрэгжүүлэх хүсэл, эрмэлзэл дутаж байна” хэмээн товчхон тайлбарлав. Төрөөс төсөв батлуулан, олон улсын хүүхдийн байгууллагын санхүүжилт, буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа тэдгээр төсөл, хөтөлбөр хаашаа урсана вэ. Хайр халамж, хууль тогтоомжийн гадна орхигдсон эзэд /хүүхэд/ нь ямар байна вэ. Эргэж нэг харъя. Он гарсаар хүүхэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол 1000 орчим бүртгэгдсэн нь олон жилийн дунджаас өндөр хувьтай байгааг цагдаагийн байгууллагынхан онцлох аж. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн тал хувь нь хулгай хийж байгаа нь нийгмийн өнөөгийн байдлыг илтгэнэ. Учир нь манай улсын хүн амын 30 орчим хувь нь ядуу амьдарч байна. Гурван хүүхэд тутмын нэг нь ядуу орчинд өсч байгаа аж. Ийм орчинд буй хүүхдүүд эрүүл хоол хүнс хэрэглэх нь бүү хэл ялгаварлан гадуурхагдаж, сургуулиас завсардах хамгийн гол шалтгаан болдгийг мэргэжилтнүүдийн олон янзын судалгаа харуулна.
Мөн гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хүмүүжил, архидалт, хүчирхийлэл хүүхэд багачуудын ирээдүйг бусниулагч хүчин зүйл болж буйг олон улсын хүүхдийн байгууллагын төлөөлөгчид онцолж байлаа. Хүүхэд залуусын орон хэмээн олон улсад бахархдаг атлаа монгол хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож шоронгийн хаалга татаж, нөгөө хэсэг нь амьдралын эрхээр тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна. Нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хүүхэд зах дээр тэрэг түрж, гудамжинд гуйлга гуйж сууна.
Өөрөөр хэлбэл, манай оронд 68 мянга орчим хүүхэд хөдөлмөр эрхэлдгээс 60 хувь нь тэвчишгүй, хүнд хөдөлм өрт нухлагдаж явна.
Гудамжинд алхаж яваад осолд орж, хүчирхийлэлд өртөж харамсалтайгаар амь насаа алдах ч болж. Долоохон настай охин сургуулийнхаа үүдэнд автын ослоор хорвоог орхиж, долоохон настай хүү хойд эцэгтээ зодуулж сэхээнд орсон нь хүүхдийн эрхийг хамгаалах цаг болсныг сануулсан биз.
“Нийгмийн ажилтны оролцоог нэмэгдүүлье”
Хүүхэд хамгаалах систем алдагдсан манай оронд “Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” чуулганыг анх удаа дорвитой санаачлан зохион байгуулсан нь цагаа олсон үйл явдал хэмээн чуулганд оролцогчид ам сайтай байлаа. Тиймдээ ч өөр өөрийн салбарын дагуу хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, гэр бүлийн орчныг сайжруулах чиглэлээр санал дэвшүүлсэн юм. Чуулганыг санаачлагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүүхдийн асуудал Монголын төрийн бодлогын нэн тэргүүнд тавигдах ёстойг чуулганы эхэнд онцлов. Тэрээр “Хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх асуудал хамгийн чухал юм. Тэд анхдагч орчиндоо ямар иргэн болж төлөвшнөөс маргаашийн Монголын эзэд тодорно. Шинэчлэлийн Засгийн газар хүүхдийн мөнгө олгож, хүүхдийн байгууллагыг зориулалтаар ашиглаж эхэлсэн. Цаашид манай салбараас хүүхдийг аливаа болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хамгаалах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорино” хэмээн төрийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэхийг уриалсан юм.
Хүүхдийн хамгаалал, хөгжлийн эх үүсвэр нь зөвхөн гэр бүл төдийгүй тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн ажилтан байдгийг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан онцлов. Тэрээр “Хүүхдийн төлөө гэсэн уриа лоозон барихаа болъё. Олон хууль тогтоомжоос илүү хуурай үггүйгээр товч, оновчтой эрхзүйн орчныг бий болгоё. Аймаг, сум, дүүрэг, хорооны Засаг дарга нар хөшөө, наадамд анхаарахаас илүү ард иргэддээ анхаарах цаг болжээ. Хүүхдийг хөгжүүлэх багш, сурган хүмүүжүүлэгчид нь цаас бичгээр цалингаа бодуулж байна. Энэ нь хүүхдэд хүрч ажиллах бус цаас бичгээр ажлаа үнэлүүлэх систем бий болчихож. Нөгөө талаар хүүхдийн бүхий л асуудлыг мэддэг, шийдэж болох сургууль цэцэрлэг, сум дүүрэг, хорооны нийгмийн ажилтны үүрэг, оролцоо муу байна. Тэдэнд үйл ажиллагаандаа зарцуулах төсвийг баталж өгдөггүй. Хүртэж, амсуулах төдий төсөв бус асуудлыг шийдвэрлэдэг төсөвтэй болмоор байна” гэв.
Харин Мянганы хөгжлийн зорилтод тодорхойлсон хүүхдийн төлөөх хөтөлбөрүүд зорилгодоо хүрч чадахгүй байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал дуулгав. 2015 он хүртэл Мянганы хөгжлийн зорилтод ядуурлыг 15 хувьд хүргэх ёстой ч одоо 29.15 хувьтай байгаа аж. Мөн хүүхэд бүр анхан шатны боловсрол эзэмшсэн байх ёстой гэж заасан ч уг зорилт алдагдсаар байгаа гэнэ. Түүнчлэн хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулах талаар тусгажээ. Хууль тогтоомжийн үйлчилгээг хүргэх журмыг хангалттай төвшинд хэрэгжүүлж чадахгүй байгаа нь Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд саад учруулж буйг хэлж байлаа. Тиймээс “Хүүхдийн хөгжлийг гэр бүлд суурилуулж хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Хүүхдийн төлөөх байгууллагын тогтолцоог боловсронгуй болгох нэн шаардлагатай” гэсэн саналыг дэвшүүлсэн юм.
Хүүхдийн төлөөх үйл ажиллагаанд ганц Хүүхдийн төлөө Үндэсний газар бус бусад олон байгууллага хамтран ажиллах ёстой гэсэн саналыг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа хэлэв. Тэрээр “Хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудалд Хуульзүйн яам, ЦЕГ, шүүх, прокурор, иргэний нийгмийн байгууллагатай хамтран хандах нь илүү үр дүнтэй байх болно. Эдийн засгийн хөгжлийн бодлого шинэчлэлийг хүүхдийн асуудалд заавал тусгадаг байх, үндэсний стандарт бүхий хүүхдэд аюулгүй орчныг мэргэжлийн хяналтын байгууллага санаачлага гарган тогтоох хэрэгтэй. Мөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг уян хатан, бодитой болгомоор байна” гэсэн юм.
Харин олон улсын байгууллагууд ямар саналтай байгааг сонирхоход НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл “Монгол Улсад хүүхдийн хөгжил, хамгааллын асуудал хурцадсаныг олонтаа харж болно. Тухайлбал, Монголын нийт хүүхдийн 20 хувь нь амиа хорлох тухай бодож үзсэн байна. Мөн 80 хувь нь 14 насанд хүрээгүй байхдаа тамхи татдаг болж. Түүнчлэн олон хүүхэдтэй өрхийн дунд ядуурлын төвшин өндөр байна. Энэ нь томчуудын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга барилаас шалтгаалж байна. Монголд мөрдөгдөж байгаа хууль дүрэм, зарчмууд бүрэн дүүрэн хэрэгжих ёстой, ингэж байж хүүхдэд ээлтэй орчин бий болно” хэмээв.
Хэвлэл мэдээллийнхэн хүүхдийг хамгаалахад чухал үүрэгтэй гэв
Хүүхэд хамгаалал, хөгжлийн талаар санал дэвшүүлсэн байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Дэвшүүлсэн саналын дагуу хүүхдийн асуудалд хүн бүрийн оролцоо хэрэгтэй нь чуулганы үйл явцаас тод харагдсан юм. Тиймээс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг шинэ төвшинд хүргэх, хүүхдийн асуудлаарх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд байгууллага бүр үүрэг хүлээх ёстойг тэмдэглэжээ.
Өөрөөр хэлбэл, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын шинэчлэлд хамтдаа” Үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө Үндэсний газар, хүүхдийн асуудлаар үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудыг төлөөлж НҮБ-ын “Хүүхдийн сан”, “Хүүхдийг ивээх сан”, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, Норвегийн тусламжийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төлөөлж Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийг төлөөлж Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, хүүхдийн асуудлаарх иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Хүүхэд хамгааллын Үндэсний сүлжээ харилцан ойлголцож, хамтран ажиллахаар санамж бичгийг байгуулсан юм.
Тухайлбал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамныхан эрхзүйн орчныг бүрдүүлэх, хүүхдийн төлөөх үйл ажиллагааг дэмжиж санхүүжүүлэх зэрэг үүрэгтэй ажиллах бол Хүүхдийн төлөө Үндэсний газар нь төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоог хангах, хүүхдийг аливаа гэмт хэрэг, зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхэд өөрийгөө хамгаалах чадвар эзэмших арга зүйг боловсронгуй болгох, түгээн дэлгэрүүлэх, хамтын ажиллагааны санал, санаачлага өрнүүлэн хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар манлайлан ажиллах юм байна.
Олон улсын байгууллагын хувьд хүүхдийн эрхийг хангах, хөгжил, хамгааллыг сайжруулахад Засгийн газарт өөрийн чиглэлийн хүрээнд арга зүйн болон техникийн тусламж, дэмжлэг үзүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаар чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах гэнэ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн хүүхдийн эрхийг хангах, хөгжил, хамгааллын асуудлыг сайжруулахад нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтийг соён гэгээрүүлж, хүүхдийн язгуур эрх ашгийг дээдэлж, хүүхдэд ээлтэй байдлаар хүүхэд, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчмыг баримтлан ажиллах зэрэг үүргийг хүлээжээ.