Гурван охин тутмын нэг нь хүүхэд байхдаа гэрлэж байна
2012.10.14

Гурван охин тутмын нэг нь хүүхэд байхдаа гэрлэж байна

Дэлхий даяар 20-24 насны гурван охин тутмын нэг нь насанд хүрээгүй байхдаа гэрлэж байна хэмээн ЮНИСЕФ-ийн илтгэлд онцолжээ. Буурч, цөөрч байгаа хэмээх энэ үзэгдэл харин ч дэлхий даяар өргөн тархаж байгааг НҮБ-ын мэргэжилтнүүд түгшүүрийн харанга дэгдэж байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 11-нд дэлхий даяар анх удаа Охидын дэлхийн өдрийг тэмдэглэлээ.

ЮНИСЕФ болон НҮБ-ын бусад агентлагууд насанд хүрээгүй охидын үндсэн эрхийг харгисаар зөрчиж байгаа хүүхдийн гэрлэлтийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахыг хичээсэн юм. Мэргэжилтнүүдийн тооцоогоор, 20-24 насны 23 сая охин 15 нас хүрэхээсээ өмнө хүчээр нөхөрт гарсан, эсвэл хүчээр эрэгтэй хүний өвөрт орж байна гэв. Дэлхий даяар 20-49 насны 400 сая эмэгтэй (энэ насны эмэгтэйчүүдийн 41 хувь нь) 18 хүрээгүй байхдаа богтлогджээ. Ийм явдал манай гаригийн өнцөг булан бүрт гарч байгаа аж.

 

Насанд хүрээгүй охидыг богтлох явдал Өмнөд Азид 46, Сахарын цөлийн Африкийн улсуудад 37, Латин Америк, Карибын тэнгист 29, Зүүн өмнөд Азид 18, Ойрхи Дорнод, Хойд Африкт 17, Европын холбоо болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад 11 хувьтай байна. Хүүхдийг насанд хүрээгүй байхад нь нөхөрт гаргах нь охидын хүүхэд насны эрхийг ноцтойгоор хязгаарлаж, сурч, боловсрох боломжийг нь хааж, хүчирхийлэл, бэлгийн дарамт шахалтад өртөх, улмаар эрүүл мэнд нь муудах аюулд ордог. Ийм аюул байсаар байтал 18 хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг хориглоогүй улс орнууд цөөнгүй байна. Одоогоор НҮБ-ын гишүүн 193 орны 113 нь үүнийг хориглож байгаа юм. Охидыг насанд хүрээгүй байхад нөхөрт гаргах нь түүнийг эрчүүдийн секс боол болгож байгаатай адил хэмээн НҮБ-ын хороо, агентлагуудын шинжээчид, илтгэгчид нэгэн дуугаар мэдэгдэж байна."Эрт нөхөрт гарсан охид нөхрийнхөө боол болон хувирдаг. Тэд гэрийн боол, секс боол болж, эрх чөлөө, эрүүл мэндээрээ хохирч,сэтгэл зүйн хүнд дарамтад ордог" хэмээн НҮБ-ын шинжээчдийн илтгэлд онцолжээ.

Боолчлолын бүхий л хэлбэр, хүчээр гэрлүүлж буй явдлыг бусад гэмт хэргийн адилаар шийтгэх ёстой хэмээн үзэж байна. Үүнийг шашин, уламжлал хэмээн зөвтгөж болохгүй аж. Охид эрт насандаа жирэмслэх нь төрөлтий н үеийн эхийн эндэгдлийг нэмэгдүүлж, бие, сэтгэлийн ноцтой хохирол амсаж байна.Жил бүр 10 сая охин насанд хүрээгүй байхдаа гэрлэж байгаагийн дотор найман насандаа богтлогдон айлын эхнэр болж байгаа бяцхан охид ч байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.